ДНБ-ний хэмжээг 1066 ам.долларт хүргэхээр төлөвлөж байна (2006.04.20)
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр эдийн засгийн үр дүнд бий болох нийгмийн баялгийг иргэд шударгаар тэгш хуваарилах зарчмыг энэхүү төсөлд баримталсан ажээ. Энэхүү төсвийн хүрээний мэдэгдэлд 1-2 дугаар ангийн хүүхдийн өглөөний цайны зардлыг төсвөөс гаргах зэрэг нэлээд сонирхолтой асуудлууд тусч байна гэж энэ мэдээнд дурджээ.
2007-2009 оны төсвийн хүрээний мэдэгдэл нь Засгийн газрын дунд хугацааны зорилт, бодлогыг тодорхойлсноороо өмнөх онуудад эдийн засгийн үзүүлэлтүүд, төсвийн дэлгэрэнгүй тооцоог хийх замаар боловсруулж байсан төсвийн хүрээний мэдэгдлүүдээс онцлогтой гэж үзэж байгаа ажээ.
Дунд хугацаанд буюу 2007-2009 онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 7,6-8,9 хувиас доошгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг гурван хувиас доошгүй байхаар тус тус тоолцоолсон байна. Тэрчлэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 1066 ам.доллар буюу 1.4 сая төгрөгт хүргэж өсгөх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтийг дэмжих, дэд бүтцийг түлхүү хөгжүүлэх, эрчим хүчний хомсдол бүхий айл өрхийн тоог эрс цөөлөх, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хүнд суртал авлигатай тэмцэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийн хуваарилалтыг оновчтой болгох зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.