Гэнэтийн ашгийн татварын болон Тогтвортой байдлын гэрээг хасах хуулиуд санаачилжээ (2006.04.25)
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Дамиран, З.Энхболд нар Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн төслийг санаачилан УИХ-д өргөн барих болсон байна. Тэд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Лондонгийн Металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6.706 ам.долларт хүрч оны эхнээс 40 гаруй хувиар өссөн нь ийм хуулийн төслийг санаачилахад хүргэсэн хэмээн мэдэгджээ. Зэсийн үнэ ийм өндөр байгаа нь жилд ойролцоогоор 125 мянган тонн зэс экспортолдог манай орны хувьд эдийн засгийг эрчимжүүлэх бодит боломж олгох юм хэмээн төслийг санаачилагчид үзэж байна.
Уг хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 3000 ам.доллараас давсан тохиолдолд давсан үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх хэмжээгээр ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татвар ногдуулснаар өдөрт дунджаар 700 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Энэ хуулийг баталснаар энэ оны сүүлийн найман сарын хугацаанд төсөвт 168 тэрбум төгрөгийн орлого орох тооцоо хийжээ. Харин ийм орлогыг төсвийн урсгал зардалд зарцуулахгүй бөгөөд “Эдийн засгийг хөгжүүлэх тусгай сан” байгуулж хөрөнгийн гуравны хоёрыг улсыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд, гуравны нэгийг Хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулах нь зүйтэй гэж хуулийн төслийг санаачилагчид үзэж байна.
Мөн УИХ-ын гишүүн З.Энхболд нар “Ашигт малтмалын тухай “ хуулиас Тогтвортой байдлын гэрээ байгуулах тухай заалтыг хасахаар хуулийн төсөл санаачилан УИХ-д өргөн барихаар болжээ. Уг хуулийн төсөл дээр Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж. Төсөл санаачилах болсон үндэслэлээ З.Энхболд тайлбарлахдаа, “1997 оны Ашигт малтмалын тухай хуулинд тусгасан “Тогтвортой байдлын гэрээ”, “Тогтвортой байдлын гэрээ байгуулах” гэсэн заалтуудыг уг хуулиас хасах шаардлага, нийгмийн захиалга гарч ирж байна. Эдгээр заалтыг анх хуульд тусгаж байх үед дэлхий нийт манай улсыг огт мэдэхгүйтэй адил, алт зэсийн үнэ доод төвшиндээ хүрсэн, үндэсний үйлдвэрлэгчид томоохон олборлолт хийх хэмжээнд хүрээгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдад хөнгөлөлттэй нөхцөл шаардлагатай гэдэгт нийгмээрээ итгэж байсан. Өнөөдөр байдал өөрчлөгдсөн байна. Нэг унц алтны үнэ 627 ам.доллар болж 1993 оноос хоёр дахин өсчээ. Нэг тонн зэс 1993 онд 1949 ам.доллар байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 6630 ам.доллар болж даруй гурав дахин өсөөд байна. Өдгөө манай улс ардчилсан тогтолцоотой зах зээлийн эдийн засагтай, дэлхийн томоохон зах зээлүүдэд ойр байрлалтай ашигт малтмалын олон орд газартай гэх зэрэг тааламжтай байдал нь гадаадын хөрөнгө оруулагчид манай оронд бизнес эрхлэх сонирхлыг төрүүлэх болсон. Үүн дээр иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагууд орон нутгийн уугуул иргэд, хөдөлгөөнүүд гадаадын хөрөнгө оруулагчдад хэт хөнгөлөлттэй татварын нөхцөл эдлүүлэхийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлж байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татварын ижил нөхцөлөөр ажиллуулахад хамгийн их саад болж байгаа Тогтвортой байдлын гэрээтэй холбоотой зарим заалтыг Ашигт малтмалын хуулиудаас хасахаар энэхүү төсөлд тусгасан” гэжээ.
Тэрчлэн Ардчилсан нам тогтвортой байдлын гэрээг хүчингүй болгох байрь суурь баримталж байгаа ажээ. Тус намын Хэвлэлийн албаны мэдээнд дурдснаар Ардчилсан намын зөвлөл энэ асуудал дээр санал нэгджээ. Ашигт малтмалын хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйл заалтыг хүчингүй болгох нь зүйтэй тус намын зөвлөл үзэж байна.