Авилгатай хийх тэмцэл үр дүнтэй болно гэдэгт итгэхгүй байна (2006.04.26)
Монголд нүүрлээд байгаа хамгийн том гурван асуудал бол ажилгүйдэл, авилга, ядуурал гэж Азийн сангаас “Сант марал” судалгааны төвтэй хамтран хийсэн судалгаанд оролцогсдын 75 хувь үзсэн байна. Монголд авилга аль хэр газар авч байгааг тандах зорилгоор хийсэн энэ судалгаанд 2006 оны гуравдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт Улаанбаатар хот, Дорнод, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн 1030 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ. Судалгааны үр дүнг өчигдөр сэтгүүлдэд танилцуулсан бөгөөд цаашид ч хагас жил тутамд зургаан судалгаа хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Судалгаанаас үзэхэд төрийн албан тушаалаа ашиглан бусдаас бэлэг авах, найз нөхөд, хамаатан саднаа ажилд оруулах, лиценз зөвшөөрөл олгох, сонгуулийн кампанит ажлын явцад бэлэг тараах, төрийн хөрөнгийг сонгогдсон тойрогтоо чиглүүлэх зэргийг монголчууд авилгад тооцдог байна. Түүнчлэн улстөрийн нам, бизнесийн бүлгийг дэмжих, дэмжсэн хүн нь сонгуульд ялбал бусдаас давуу байдлыг өөрт нь олгоно хэмээн хэн нэгний сонгуулийг кампанийг санхүүжүүлэх явдлыг ч авилгад тооцно гэжээ.
Судалгаанд оролцогсдын 55 хувь нь сүүлийн гурван жилд авилга эрс нэмэгдсэн төдийгүй ирэх гурван жилд авилга хэвэндээ байх төдийгүй өснө гэж үзжээ. Мөн одоогийн Засгийн газар авлигатай тэмцэж чадахгүй гэж судалгаанд оролцогчдын 42 хувь бодож байгаа бөгөөд яг энэ хэвэндээ байна гэж 39 хувь нь хариулжээ. Энэ нь нийлээд 81 хувь болж байгаа аж.
Иргэд авилга үүсэх нөхцөлийг арилгах, түүнтэй хийх тэмцлийг үр дүнтэй болно гэдэгт итгэл муутай байгаа нь судалгаанаас харагдсан аж. Учрыг нь улстөрчид авилгаас тодорхой ашиг хонжоо олдог тул үнэндээ авилгатай тэмцэх хүсэл эрмэлзэл байдаггүйтэй холбожээ. Авилгын шийтгэл хатуу байх тусмаа албан хаагчид илүү сайн ажиллана, хахууль өгсөн хүнийг авсантай нь адилхан шийтгэдэг болбол зүйтэй гэж судалгаанд оролцогсод үзсэн байна.
Хамгийн ихээр авилгад өртөх магадлалтай байгууллагаар судалгаанд оролцогчид дараахь байгууллагуудын нэрлэжээ. Үүнд, хамгийн эхэнд газрын албад, гааль, уул уурхайн салбар, шүүгч, цагдаа, прокурорын байгууллага оржээ. Иргэд хүртэх ёстой үйлчилгээгээ авахын тулд авилга өгөхөөс аргагүй байдгийг дурдаж, эмч, төрийн захиргааны ажилтан, багш, цагдаа, гаалийн ажилтан, татварын байцаагчид авилгад илүү өртдөг гэж үзсэн байна. Хахуулийн хэмжээ дунджаар Улаанбаатарт 250000, аймгуудад ойролцоогоор 100000 төгрөг байгаа гэнэ.
Авилгатай тэмцэх нь хувь хүний төдийгүй бүх нийтийн үүрэг гэдгийг иргэд ухаарч байгаа нь сайн хэдий ч 2005 онд батлагдсан НҮБ-ын Авилгын эсрэг конвенцийн дагуу холбогдох хуулийг баталж, зохих байгууллагыг бий болгох, түүнийг чадавхижуулах хэрэгтэй гэж Азийн сан болон “Сант марал” төв үзэж байна. Мөн иргэний нийгмийн мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд төр ба хувийн хэвшил дэх авилгыг илрүүлэх, тогтоох, мэдээлэх чадавхийг дээшлүүлэх шаардлагатай байгааг судалгааны баг зөвлөжээ.