Монголын төслүүд ба МСС (2006.05.03)

A- A A+
Монголын төслүүд ба МСС (2006.05.03)

Монголын төслүүд ба МСС (2006.05.03)

Мянганы сорилтын сангаас санхүүжилт авах зорилгоор Монгол Улс эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, гэр хорооллын нөхцлийг сайжруулах, төмөр зам, мэдээлэл харилцааг хөгжүүлэх гэсэн дөрвөн чиглэлээр төсөл боловсруулан Мянганы сорилтын корпорацид санал болгосон. Тэдгээр төслийн нийт санхүүжилт 292 сая ам.доллар болсон бөгөөд төслүүд анхны шалгуурыг давсан хэмээн эрх баригчид мэдэгдэж байсан юм. Гэтэл Сангийн сайд Н.Баяртсайханы өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдснээр бол  эдгээр  төсөл нь Мянганы сорилтын корпорациийн шаардлагад төдийлөн нийцээгүй байна. 

Түүний хэлснээс үзвэл манай төслүүд тус корпорацийн мөрддөг стандартад нийцээгүй, үзэл баримтлалын шинжтэй болжээ. Иймээс  Засгийн газар дээрх  алдааг даруй залруулахын тулд тус сангаас санхүүжилт авсан зарим орны жишгээр сайн  эдийн  засагч  урьж төслүүдээ хянуулах, үүнд холбогдох бүхий л зардлыг даах гэж хүсэлт тавьсан хэмээн Сангийн сайд хэлжээ.  Мянганы сорилтын сангаас санхүүжилт авах орнуудын жагсаалтыг АНУ-ын Конгресс ирэх долдугаар сард батлахаар төлөвлөж буй тул өмнө нь амжаад төслүүдээ засч сайжруулж чадвал энэ намраас санхүүжилт авах боломж бас байгаа аж.

Тэрчлэн Сангийн сайд Н.Баяртсайхан Олон улсын валютын сан Монголд хэрэггүй гэж үзэх нь буруу хэмээн  мэдэгджээ. Тэрбээр ОУВС-гийн хаврын чуулганд оролцоод ирсэн байна.  Сайдын хэлснээр бол ОУВС төрийн албаны шинэтгэлийг үргэлжлүүлж, цомхон чадварлаг болгохыг зөвлөхийн зэрэгцээ экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өндөр байхад төсвийн зардлыг цалин, тэтгэврийг нэмэх зэргээр нэмэгдүүлбэл дараа нь энэ үнэ унах тохиолдолд түүнийг  хэрхэн  санхүүжүүлэх  тухайд бодлого бэлэн байх хэрэгтэйг сануулсан аж. Н.Баяртсайхан сайдын үзэж байгаагаар Засгийн газар Тогтворжилт хөгжлийн сан байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ хууль батлагдснаар  зэсийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг төвлөрүүлж, нийгмийн хамгааллын шинжтэй арга хэмжээ, хөрөнгө оруулалтад зарцуулах юм байна.

Сангийн сайд АНУ-д ажиллах үеэрээ тэрчлэн Дэлхийн банкны хөгжлийн хорооны хуралд сууж 29 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болжээ. Энэ тусламжийг  засаглалыг сайжруулах, хөдөөгийн эрчим хүчийг хөгжүүлэх, сум багт интернэт хүргэх, хөдөөгийн боловсролыг сайжруулах зэрэг дөрвөн төсөлд зарцуулахаар төлөвлөсөн хэмээн тэрбээр мэдэгдэв. МСС-аас орж ирэх мөнгө болон БНХАУ-ын Засгийн газраас олгох 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг орон сууцны санхүүжилт, урт хугацаатай зээлийн тогтолцооны эх үүсвэр бий болгоход зарцуулна хэмээн Н.Баяртсайхан хэлсэн байна. Манай улсын өр зээл 1.6 тэрбумд хүрч ДНБ-тэй тэнцэх гэж буй бөгөөд Хятадын Засгийн газрын санал болгож буй 300 саяыг бүгдийг нь авбал манай улсын өр төлбөрийн хэмжээ ДНБ-нээс давах аюул бий хэмээн тэрбээр мэдэгджээ.