Лицензээр дамжуулж баялгийг хувьчилсан гэж УИХ-ын дарга үзэж байна (2006.05.04)
УИХ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр Ашигт малтмалын хуулийг шинэчлэх ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа ийнхүү мэдэгджээ. Тэрбээр энэ хуулийн төслийг дотооддоо маргаж зөрөлдөхгүйгээр хурдан хэлэлцэж батлах нь улс орны тусгаар тогтнолд нийцнэ хэмээн үзэж байна. Тусгаар тогтнолын асуудалд улстөрийн ялгаа байх учиргүй гэж УИХ-ын дарга Ц.Нямдорж хэлжээ. Мэдээлэлд ойр байснаараа далимдуулан баяжсан төрийн өндөр албан тушаалтнууд байгааг тэрбээр үгүйсгээгүй бөгөөд лицензээр дамжуулж эх орны баялгийг хувьчилсан хэмээн үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсгийнхэн УИХ-ын дарга Ц.Нямдоржтой уулзах үеэрээ хоорондоо нэлээд маргаж, зарим нь эсрэг тэсрэг байр сууриа хурц хэлбэрээр илэрхийлсэн тухай өдөр тутмын сонинууд мэдээлжээ. Тухайлбал, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан Ашигт малтмалын хуулийн бас нэг төслийг тус яамнаас боловсруулан өргөн барих болсныг энэ үеэр дуулгажээ. Одоо УИХ-д яг энэ асуудлаар дөрвөн хуулийн төсөл өргөн баригдсан бөгөөд дахин дахин хуулийн төсөл өргөн барих нь аль хуулийг суурь болгох вэ гэдэгт хүндрэл учруулж байна гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Одхүү мэдэгджээ. Тэрчлэн ажлын хэсгийн гишүүн, доктор С.Авирмэд энэ төслийг 1997 оны хуулийн ганц хоёр заалтыг л өөрчилсөн гэж дүгнэсэн нь сайд Б.Жаргалсайханд таалагдаагүйгээс маргасан гэж хэвлэлүүдэд бичжээ. Хэдийгээр өөр өөрийн үзэл баримтлалтай хүмүүс ажлын хэсэгт орсон ч үндэсний эрх ашгийн үүднээс нэгдсэн ойлголтод хүрэх ёстой гэдгийг УИХ-ын дарга сануулжээ.
Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү хэлэхдээ, ямар хуулийг суурь болгох вэ гэдэг дээр түр гацаад байна гээд зөвхөн энэ хуулийн хүрээнд ч биш, Газрын хэвлийн тухай болон Татварын хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна. МУИС-ийн Геологийн тэнхимийн багш, доктор Ж.Бямбаа ганц Оюутолгой биш, нийт Монголын эрх ашигт нийцүүлж хууль гаргах шаардлагатай тул О.Энхсайхан агсны санаачилсан шинэчилсэн найруулгыг суурь хууль болгох нь зүйтэй гэжээ. Геологичдын холбооны гишүүн Ч.Хурц ажлын хэсгийнхэн үзэл баримтлалын эрс зөрүүтэй байгаа учир нэгдсэн ойлголтод хүрэхгүй байна. Иймээс хуулийг ард нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг "Миний Монгол газар шороо" хөдөлгөөний зөвлөх П.Болд дэмжжээ.
Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийнхний гаргасан өөр өөр үзэл баримтлалыг Байнгын хороо УИХ-аар хэлэлцүүлэх гэсэн саналыг Ц.Нямдорж дарга хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын 13 гишүүн орсон байна. Харин ажлын хэсэгт мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор дэд хороо ажиллуулж байгаа бөгөөд энд Ч.Хурц, Ж.Бямбаа, Н.Дашзэвэг, С.Авирмэд, Л.Долгоржав нарын 18 хүн оржээ.