300 сая ам.долларын зээлийн асуудлыг хойшлуулав (2006.05.05)

A- A A+
300 сая ам.долларын зээлийн асуудлыг хойшлуулав (2006.05.05)

300 сая ам.долларын зээлийн асуудлыг хойшлуулав (2006.05.05)

Монгол Улсын 2005 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.  Гүйцэтгэлийн дүнгээс үзэхэд 2005 оны улсын төсөв 100 тэрбум төгрөгийн ашигтай гарсан хэдий ч төсвийн байгууллагуудын урсгал зардлын хуваарилалтыг УИХ-ын гишүүд  зохисгүй байна гэж үзэж байгаа ажээ. Сангийн сайд  Н.Баяртсайханы мэдээлснээр бол  төсвийн гүйцэтгэлд 100 тэрбум төгрөг хэмнэгдсэн нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өссөн, төсвийн тодотголд суулгаагүй учир тодорхой хэмжээний мөнгө хэмнэгдсэнтэй холбоотой байна. Нэг тонн зэсийг 2600 ам.долларт зарна гэж тооцоолсон бол 3600 ам.доллар болтлоо өсчээ. Хэмнэгдсэн хөрөнгийг хуримтлалын сан байгуулан хадгалж, төсөв хүндрэлтэй болох он жилүүдэд зарцуулах нь зүйтэй хэмээн тэрбээр тайлбарласан байна.

Үндэсний аудитын газрын дарга Л.Жавзмаагийн мэдээлснээр орлого тасалсан 30 тэрбум, зарлага хэтрүүлсэн 11 тэрбумын асуудал байгаа аж. Засгийн газар гарын үсэг зурдаг тухайн хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол УИХ авч хэлэлцээд асуудлыг шийддэг байх хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ. Агентлаг, яамдуудын тоог цөөлөх саналыг УИХ-ын нэлээд гишүүд гаргасан хэмээн “ӨМ” сонинд бичжэ.  Монгол Улсын 2005 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын ажлын тайланг УИХ-ын байнгын хороодоор нарийвчлан хэлэлцүүлэхээр болсон байна.

Энэ өдрийн чуулганы хуралдаанаар БНХАУ-аас авах 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг мөн хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүд 300 сая ам.долларын зээлийн 60 саяд нь Засгийн газар баталгаа гаргаж байгаа бөгөөд үлдсэн 240 саяыг нь хэрхэн зарцуулахыг сонирхоход Сангийн сайд Н.Баяртсайхан УИХ энэ асуудлыг дэмжвэл дараа нь төслөө хийгээд зарцуулах хөрөнгөө тооцно хэмээн хариулсан байна.  Энэ зээлийг авснаар төсөвт аль хэр хүндрэл учрах тухайд Сангийн сайд хариулахдаа, өмнө нь авсан олон улсын зээлийн үндсэн төлөлт 10 жилийн дараа буюу 2016 оноос эхэлж төлөгдөнө. 2016-2020 он гэхэд төсөв нэгэнтээ авсан зээлийнхээ хүүг төлөх гэж багагүй ачааг үүрэх болно. 10 жил тутамд зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөр 50 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Тухайлбал, 2020 онд үндсэн зээлийн төлбөрт 100 сая төгрөг зарцуулж байгаа бол зээлийн хүүд 50 сая төгрөг төлнө. 2030 он гэхэд бид төсвийнхөө хөрөнгөнөөс 150 сая төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 50 саяыг нь зээлийн хүүд төлөх болно гэжээ. Үр ашиг багатай зээл авах нь зөв алхам биш тэрбээр үзэж байна. Ерөөс энэхүү  зээлийн асуудлыг УИХ-ын байнгын хороодоор эхлээд хэлэлцэх ёстой байтал хууль зөрчсөн хэмээн үзээд  энэ асуудлыг хойшлуулжээ.