БНСУ-ын Ерөнхийлөгч Монголд төрийн айлчлал хийж байна (2006.05.09)
БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал гурван өдөр үргэлжлэх юм. Өчигдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ну Мү Хён нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрууд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Бан Ги Мүн нар гарын үсэг зурсан энэ хэлэлцээрийн дагуу Монголоос Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчид болон үйлдвэрийн дадлагажигчид нь БНСУ-ын Yндэсний тэтгэврийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх юм. Ингэснээр Солонгост хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийн хөдөлмөрийн хөлснөөс суутгах төлбөрийн хэмжээ буурч, гар дээр үлдэх орлого нь нэмэгдэнэ гэж НХХЯ-ныхан тайлбарлаж байна. Харин Эрүүл мэндийн болон үйлдвэрлэлийн ослын даатгалд солонгос иргэдийн адил хамрагдаж зохих тэтгэмж, нөхөн төлбөр үйлчилгээг авч байх боломж хэвээр аж. Хэлэлцээрийн дагуу манай улсад хөдөлмөрлөж байгаа БНСУ-ын иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрөөс мөн адил чөлөөлнө. Өдгөө Монголд байнга оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг 200 гаруй солонгос иргэн манай улсын тэтгэврийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлдөг байна.
Монгол Улс, БНСУ нийгмийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Удирдлагын тогтолцооны гэрээнд Гадаад хэргийн сайд Н.Энхболд, БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Бан Ги Мүн нар гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын НХХЯ, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн яам хамтран ажиллахаар тохирчээ.
Солонгост хуулийн дагуу ажилалж буй 10 мянган Монгол иргэнийг Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамруулбал жилд 3.6 тэрбум вон буюу 4.3 тэрбум төгрөгөөр манай улсын тэтгэврийн даатгалын сан нэмэгдэх тооцоо гарч байна. Энэ нь тэнд ажиллагсдын тэтгэвэрт гараад авах мөнгө жил бүр нэмэгдэж байна гэсэн үг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён нар төрийн айлчлалтай холбогдуулан хоёр улсын сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийжээ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн албан ёсны хэлэлцээ амжилттай болсныг дурдаад, 1990 оноос Монгол, Солонгос улсууд тодорхой салбарт бие биеэ нөхсөн харилцаатай байсан бол энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр орны харилцааг “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл” гэсэн томъёололтой болсныг онцолжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён хэлэхдээ, “Ерөнхийлөгч Н.Энхбаяр бид хоёр сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэхийн тулд хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний айлчлалыг өргөтгөх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдлээ. БНСУ, Монгол Улс хоёр байгалийн баялгийг ашиглах, барилга, бүтээн байгуулалтын болон мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Солонгосын эдийн засгийн хөгжлийн туршлагыг Монголд нэвтрүүлэх үүднээс манай эдийн засагчдыг танай оронд илгээх саналтай байна" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Энэ айлчлалын үеэр нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрээс гадна 16 хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Ерөнхийлөгч Ну Мү Хёны хамт БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд, Хөдөө аж ахуй, ойн сайд, Аж үйлдвэр, байгалийн нөөцийн сайд, Мэдээлэл, харилцаа холбооны сайд, Барилга, зам тээврийн сайд нар Монголд айлчилж байна. Өчигдөр хоёр орны Хүнс , хөдөө аж ахуйн сайд нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн БНСУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Пак Хун Сү Монголын Байгаль орчны сайд Эрдэнэбаатар нар уулзаж, ойн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах ажлыг ирэх зун Сөүл хотод зохион байгуулахаар ярилцсан байна. БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Сие Кюн Чунг Монголын Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбаттай өчигдөр уулзаж сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний алдагдлыг бууруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх гэрээг “Хасвуу” ХХК-ийн захирал С.Нэргүй, БНСУ-ын Цахилгаан эрчим хүчний корпораци (КЕРСО)-ийн гүйцэтгэх захирал Жунхо Хан нар үзэглэв.
Мөн өдөр “Чингис” зочид буудалд Монгол-Солонгос, Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хороодын долдугаар чуулган болжээ.