УИХ Засгийн газрын тайланг хэлэлцэж эхлэв (2006.05.12)

A- A A+
УИХ Засгийн газрын тайланг хэлэлцэж эхлэв (2006.05.12)

УИХ Засгийн газрын тайланг хэлэлцэж эхлэв (2006.05.12)

2005 онд анх удаа төсөв 92 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бөгөөд 70 орчим тэрбум буюу энэ мөнгөний 80 хувь нь алт, зэсийн үнэ өссөнөөс орсон гэж Сангийн сайд Н.Баяртсайхан УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурал дээр мэдэгджээ. Тус хороо  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт өнгөрсөн хоёр жилд ямар байсан талаар Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан нараас асуулга авсан байна.   Сангийн сайдын хэлснээс үзвэл 2005 онд Засгийн газар 10 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулсан гадаадын компаниудтай Тогтвортой байдлын гэрээ хийх заалт бүхий загвар баталсан бөгөөд чингэхдээ хэрэгжих хугацаа, хөрөнгө оруулалтын босго зэргийг анхаарч үзсэн аж.Тогтвортой байдлын нийт 11 гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн дөрөв нь уул уурхайнх салбарт хамаарч байна.

Сангийн сайд Н.Баяртсайхан  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэд хэдэн ажлыг хийж чадаагүй гээд тухайлбал,  2005 онд хувьчлал болон газрын ашгаас төсөвт 10 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөсөн ч таван тэрбумыг л олсон хэмээн мэдэгджээ. Хэдийгээр эдийн засаг 6.2 хувиар өссөн ч үүнийг шинэ чадавхи гэж ойлгоход хэцүү. Энэ өсөлт үйлчилгээний салбарт илүү хамаатай байна  гэж тэрбээр хэлжээ.

Мөн өдөр УИХ-ын Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хороо зарим яамны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаар авч хэлэлцсэн байна. Тухайлбал, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Гадаад хэргийн яамны 2005 оны жилийн эцсийн тайланг хэлэлцжээ. Хэлэлцүүлгээс харвал Батлан хамгаалах яам төсвөө хэтрүүлсэн байна. Тус яамны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл хоёрын хооронд 3.1 тэрбум төгрөгийн зөрүү байгаа аж. Манай улс анх удаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулахаар Сьера-Лион уруу цэргээ илгээж, мөн  олон улсын байлдааны хээрийн сургуулилт хийхэд төлөвлөөгүй зардал гарсан нь төсөв хэтрэх нэг үндэслэл болсон гэж Батлан хамгаалахын дэд сайд С.Эрдэнэбат тайлбарлажээ. Түүний хийсэн тайлбараас үзвэл энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдийн зардлыг цаанаас нь даадаг бөгөөд энэ  мөнгө тэр дороо биш сүүлд нь орж ирдэг агаад Монголбанкин дахь тусгай дансанд удахгүй орж ирэх гэнэ.

Харин Онцгой байдлын ерөнхий газар 12.8 тэрбум төгрөгийн төсвийнхөө 2.2 хувь буюу 290 гаруй сая төгрөгийг хэмнэсэн тухай тайланд дурджээ. ОБЕГ-ын дарга П.Дашийн хэлснээр  тус газар нөөцөд зарим бараа материал авахаар гэрээ хийсэн ч одоог  хүртэл аваагүй байгаа зэргээс үүдээд төсөв хэмнэсэн юм шиг харагдаж байгаа аж. Энэ үеэр хийсэн мэдээллээс үзэхэд  2006 он гарсаар улсын хэмжээгээр 55 удаа түймэр гараад байгаагаас одоо Хөвсгөл, Булган аймагт түймэр асч байгаа юм байна. Ялангуяа Хэнтий, Дорнод зэрэг зүүн зүгийн аймагт гарсан түймрийн ихэнх нь ОХУ-ын нутгаас хил даван орж иржээ.

Гадаад хэргийн яамны 2005 оны төсөв 10.9 тэрбумаар төсөвлөгдсөн ч 10 хувиар хэтэрсэн байна. Урсгал зардал 844 сая, хөрөнгийн зардал 603 сая төгрөгөөр хэтэрчээ. Зардал хэтэрсэн нь төлөвлөлтийн суурь тооцоог хуучнаар нь хэрэглэсэнтэй холбоотой гэж Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон тайлбарласан байна. Өндөр дээд хэмжээний айлчлалын зардлыг яам хариуцах болсон нь төсөв хэтрэх нэг шалтгаан болсон гэж тус яамныхан үзэж байна. Хамгийн сүүлд Японы иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулахаар шийдсэнээр Япон дахь дипломат төлөөлөгчийн газрын зардлыг яам хариуцах болоод байгаа юм байна. Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд виз болон консулын үйлчилгээний орлого 6.7 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй ч 7.2 тэрбум төгрөг улсын төсөвт оруулжээ.