Нийгмийн хамгааллын шинжтэй мөнгө байгаа оносонгүй (2006.05.17)
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд сайн өссөн бөгөөд 2006 онд ч эдийн засгийн өсөлт долоон хувиас дээш байх төлөвтэй байна. Инфляц 17 хувь байснаа зургаа болж богино хугацаанд буурсан нь том амжилт гэж ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Рожер Кроненберг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэлсэн байна. ОУВС-гийн ажлын хэсэг Монголд энэ сарын 4-15-нд хоёр долоо хоног ажиллажээ.
Эдийн засгийн өсөлтөд нэг талаар дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнийн өсөлт нөлөөлсөн. Цаашид үнэ байнга өндөр байх магадлалгүй учраас төсөвт орж буй их мөнгийг хуримтлуулах хэрэгтэй гэж Монголын Засгийн газарт ОУВС зөвлөж байна.
Зэс, алтны гэнэтийн ашгийн татварыг 68 хувиар тогтоосон нь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Р.Кроненберг хэлжээ.
Тэрбээр Монгол Улсын өр төлбөр өндөр байгаа нь гадаадын зээл, тусламжид анхааралтай хандахыг сануулж байна гээд ОУВС арилжааны нөхцөлтэй зээл авахгүй байхыг зөвлөдөг. Хятадын Засгийн газраас авахаар төлөвлөж буй 300 сая ам.долларын зээл Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай сэтгүүлчийн асуултад ноён Р.Кроненберг хариулахдаа, 60 саяыг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар төлөвлөсөн гэсэн. Бусад 240 сая ам.долларт Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргахгүй учраас Засгийн газарт олгож буй зээлд тооцогдохгүй. Гэхдээ хоёр улсын Засгийн газрын өмнөөс ямар нэг мэдэгдэл хиймээргүй байна хэмээн тэр ярьсан гэж “ЗМ” сонинд мэдээлжээ.
М.Энхболдын Засгийн газраас олгож буй нийгмийн хамгааллын шинжтэй мөнгө байгаа оносонгүй гэж ОУВС үзэж байгаа ажээ. Үүнийг шинээр гэр бүл болж байгаа хүмүүст, шинээр төрж буй хүүхдэд мөнгө олгохоор болсонтой холбож ойлгох хэрэгтэй хэмээн ноён Р.Кроненберг хэлсэн байна. ОУВС-гийн ажлын хэсэг Ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр ирсэн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө Засгийн газартай ярилцах олон асуудал байгаа тул ажлын хэсэг ирэх наймдугаар сарын сүүлчээр Монголд дахин ирэх юм байна.