Хүний эрхийн тайланг УИХ-аар хэлэлцэх болов (2006.05.18)

A- A A+
Хүний эрхийн тайланг УИХ-аар хэлэлцэх болов (2006.05.18)

Хүний эрхийн тайланг УИХ-аар хэлэлцэх болов (2006.05.18)

УИХ-аар  Монгол Улс дахь хүний эрхийн тайланг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж  УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос өчигдөр шийдвэрлэсэн байна.  Хүний эрхийн комиссын дарга С.Цэрэндорж энэ тайланг танилцуулсан бөгөөд  тайланд дурдсанаар манай улс дахь хүний эрхийн байдал сэтгэл түгшихүйц хэмжээнд байгаа аж. Нэн ялангуяа шүүх, цагдаа, мөрдөн байцаалтын явцад хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай энэ үеэр яригджээ. “Өдрийн сонин”-д уг хурлын тухай мэдээлэхдээ мөрдөн байцаах явцад эрүү шүүлтээр буюу сэжигтнийг шууд зодож дарамтлах зэргээр хэрэг хүлээлгэдэг тохиолдол гарч байгааг баримттай дурджээ.  Ийм  тод жишээнд "Фүүд ланд"-ын хэрэг гэгчийг нэрлэсэн байна. Эрүү шүүлтийн улмаас тус хэргийн нэг сэжигтэн нас баржээ. Тэр ч байтугай түүний ээж хүүгээ эргэх гэж очиход хэрэг бүртгэгч нь "алуурчны ээж алуурчинтай уулзах эрхгүй " хэмээн хариулж байсан аж.  Энэ хэрэг сүүлд нь цагаадсан байна. Энэ мэтээр гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнийг ар гэрийнхэнтэй нь уулзахыг хориглож эрхийг нь зөрчдөг байна.

Хүний эрхийг зөрчсөөр байгаа явдал нь шүүгч, цагдаагийн ажилтны ажлын хөлсийг илрүүлсэн хэргээр нь тооцон цалинжуулдагтай шууд холбоотой хэмээн Хүний эрхийн үндэсний комисс үзэж байна. Хэрэгт холбогдсон хүнийг оршин буй нутгаас нь өөр газарт аваачин хэрэг хүлээлгэх арга сүүлийн үед дэлгэрч байгаа аж. Өмгөөлөгч, ар гэрийнхэн зэргээс нь салгах  уг арга нь эрүүдэн шүүх нэг хэлбэр болдог байна. Тэрчлэн сэжигтнийг  хорих хугацаа /30 сар хүртэл/ их урт байна гэж тус комисс дүгнэжээ.  Энэ нь олон улсын хүний эрхийн гэрээ конвенцыг зөрчиж байгаа хэрэг аж. Хорих байрнууд нарны эсрэг харсан цонхтой байдаг нь хүний эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй эрүүдэн тамлах байрны зориулттай байна. Харанхуй хар нүхнүүд нь өвчин үүсгэх боломжтой бөгөөд ялангуяа сүрьеэ өвчний үүр болдог гэх зэргээр уг тайлан илтгэлд дурдсан байна.

Хүний эрхийн комиссын дарга С.Цэрэндоржийн ярьснаас үзвэл хүний эрхийн асуудал голдуу төрийн албан хаагчидтай холбоотойгоор их зөрчигддөг байна.Төр нь иргэний эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага байхгүй, хариуцлага хүлээлгэх заалт байлаа ч эд материалын шинжтэй байна. Үнэн хэрэгтээ хамгийн гол нь сэтгэл санаа, эрүүл мэндээр их хохирдог.  Гэтэл ийм  хохирол төлүүлэх эрхзүйн үндэс одоог хүртэл бүрдээгүй байна хэмээн ноён С.Цэрэндорж мэдэгдсэн байна.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн тайланг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж Хууль зүйн байнгын хороонд  оруулахаар тогтжээ.