УИХ дахь Ашигт малтмалын хуулийн хэлэлцүүлэг ба Ц.Шаравдоржийн асуулга (2006.05.19)

A- A A+
УИХ дахь Ашигт малтмалын хуулийн хэлэлцүүлэг ба Ц.Шаравдоржийн асуулга (2006.05.19)

УИХ дахь Ашигт малтмалын хуулийн хэлэлцүүлэг ба Ц.Шаравдоржийн асуулга (2006.05.19)

Парламент  ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Чингэхдээ УИХ-ын гишүүн Ц.Дамиран нарын боловсруулсан хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг нэг зэрэг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын нэр бүхий 20 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нь  1994 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийг чиг шугамаа болгосон бол Үйлдвэр, худалдааны сайдаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл нь 1997 оны хуулинд үндэслэжээ. Зарчмын зөрүүтэй байр суурь дээр үндэслэсэн хоёр хуулийн төсөл дээр  гишүүд асууж тодруулах зүйл ихтэй байна.

Энэ хуралдаан дээр ашигт малтмалын үнийн гэнэтийн ашгийн татварыг баталсан талаар зарим гишүүн байр сууриа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн С.Оюун энэ хууль гарснаар уул уурхайн салбар зогсонги байдалд орлоо хэмээн мэдэгджээ. Тэрчлэн гишүүн Э.Бат-Үүл мөн ийм байр суурьтай байсан талаар “АЭ” сонинд мэдээлжээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Дамиран гэнэтийн ашгийн татвар авах болсноор гадаадын хөрөнгө оруулагчид гарч явахгүй гэж бодож байна. Тэдэнд хангалттай хэмжээний ашиг үлдэж байгаа хэмээн үзэж байна.   Тус сонинд мэдээлснээр энэ асуудлаар УИХ дарга Ц.Нямдорж хэлэхдээ, үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн тухай хууль бол зөв хууль. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын хуулийг дагаж мөрдөх ёстой. Монголын эрх ашгийг хөндөх асуудал дээр төр шийдвэрээ гаргах ёстой гэжээ.

Ийнхүү УИХ энэ хуулийн төслүүдийг хэлэлцэж байх энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж Ерөнхий сайд М.Энхболд, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан нарт хандаж асуулга тавьсан нь анхаарал татаж байна. Тэрбээр УИХ-аас, Засгийн газар болон бусад хууль санаачлагчдын өргөн барьсан, зарчмын өөр өөр байр суурьтай төслүүдийг хэлэлцэх болсон ийм нөхцөлд УИХ-аас гаргаж буй шийдвэр нь Үндсэн хуулийн хүрээнд, нийт ард түмний эрх ашгийг дээдэлсэн хамгийн зөв байх ёстой. УИХ-ын гишүүд ч хуулийн төслийг хэлэлцэхэд тодорхой ойлголт, үнэн мэдээлэлтэй байх шаардлагын үүднээс Засгийн газарт хандаж байна хэмээн мэдэгдээд дараахь асуулгыг тавьжээ.

1.1990-ээд он хүртэл улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нийт зардал, мөн тогтоосон орд нөөцийн тухай, 700-гаад ордыг одоо ямар аж ахуйн нэгж хэн эзэмшиж байгаа тухай, улсын төсвөөр хийсэн ордуудын хэд нь ашиглаж дууссан, хэдээс нь хэчнээн төлбөр авсан, барагдуулсан, хэдээс нь авч чадаагүй байгаа тухай болон улсын төсвөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн тухай 234 дүгээр тогтоолыг хэн санаачилж гаргасан, хэн яаж баталсан тухай тус тус дэлгэрэнгүй мэдээлэл.
2.1997 оноос хойш шилжүүлсэн Ашигт малтмалын орд ашиглах лицензийг шилжүүлсэн талаар тодорхой мэдээллийг маягтийн дагуу он, оноор нь гаргаж өгөх, 
3.Ашигт малтмалыг хайх, ашиглах тухай өргөдөл өгсөн хуулийн этгээдэд газар олгоод байх нь Ашигт малтмалын хуулийн агуулга, зорилттой зөрчилдөж буй тул энэ талаарх мэдээлэл.
4.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэдийг хуулийн хэдэн этгээдэд өгсний дотор хуулийн нэг этгээдэд нэг өдөр хамгийн олон зөвшөөрөл олгосон тоо, баримт, үндэслэл.
5.Хайгуулын ажил дуусаад нөөц нь улсын бүртгэлд орсон ашигт малтмалын орд, түүний орчинд дахин хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тоо, үндэслэл.
6.Хуулийн зөрчилтэй хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл хэд байгаа, гол зөрчлүүд хуулийн ямар заалтууд дээр гарч байгаа, энэ талаар яам, агентлагуудаас авсан арга хэмжээ, зөрчлийн барагдуулалтыг он оноор нь гаргасан мэдээлэл.
7.Урьд жилүүдэд Улсын мэргэжлийн хяналтын газар ба Аудитын газраас АМХЭГ-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай, түүний мөрөөр авсан арга хэмжээний тухай.

УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж эдгээр асуулгын хариуг УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын чуулганд илтгэхийг Ерөнхий сайдаас хүсчээ.