Татварын нэг шатлалд шилжих талаар зөвшилцөнө (2006.05.24)
УИХ-ын Төсвийн байнгын хороо татварын шинэчлэлийн асуудлаар хуралдаад парламентад суудалтай хоёр гол нам татварын нэг шатлалд шилжих талаар зөвшилцөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өчигдөр болсон тус байнгын хорооны хурал дээр 10 хувийн татвартай ганц шатлалтай болох саналыг УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн зөвлөлөөс гаргажээ. Харин Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд татварын босгыг 500 саяар тогтоож, хоёр шатлалтай байхаар заасан байгаа аж.
Сангийн дэд сайд Ч.Ганзоригийн тайлбарласнаар бол хоёр шатлалтай нөхцөлд төсвийн орлого 5.2 тэрбумаар буурахаар байгаа бол татварын нэг шатлалд оруулж 10 хувийн татвар тогтоовол төсвийн орлого 115 тэрбумаар буурахаар тооцоо гарчээ. Хэрэв төсвийн орлого их хэмжээгээр буурвал нийгмийн салбарын ачааллыг даахгүй болно гэж тэрбээр мэдэгджээ. Сангийн яам төсвийн орлого 115 хувиар буурах тооцоог хийхдээ ашигт малтмалын салбараас орж ирэх орлогыг тооцоогүй байна. Хэрэв үүнийг нэмж тооцвол төсвийн орлого 35 тэрбум орчмоор л буурах аж.
Реформыг Сангийн яам, эдийн засагчид хийж чадахгүй. Үнэхээр шинэчлэлт хийх гэж байгаа бол эдийн засагчдаас асуухгүйгээр улстөрийн шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хурал дээр мэдэгдсэн байна. Тэрбээр шинэчлэл хийсний дараа эдийн засагчид тооцоо хийнэ биз гэсэн байр суурь илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн санал болгосноор УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, МАХН-ын бүлэг хоёр зөвшилцөх болсон байна.