Төсвийн тодотгол 200 тэрбум хүрсэн нь томоохон өөрчлөлт гэж үзэж байна (2006.06.06)

A- A A+
Төсвийн тодотгол 200 тэрбум хүрсэн нь томоохон өөрчлөлт гэж үзэж байна (2006.06.06)

Төсвийн тодотгол 200 тэрбум хүрсэн нь томоохон өөрчлөлт гэж үзэж байна (2006.06.06)

УИХ-аас баталсан 2006 оны төсвийн тодотголийг нийгмийн халамж руу түлхүү анхаарсан шийдэл боллоо гэж парламентчид дүгнэж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Ганди, Сангийн сайд Н.Баяртсайхан нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ийнхүү мэдэгджээ.

Тэрчлэн хөрөнгө оруулалтын зардал нэмэгджээ. Төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед Гэнэтийн ашгийн татварыг хуулийг баталсантай зохицуулж төсвийн тодотголоо баталсан. Гэнэтийн ашгийн татвар буюу зарим төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд татвар ногдуулах тухай хууль батлагдсанаар улсын төсөвт 86 тэрбум төгрөг орж ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байна.  Хууль ямар хугацаанд үргэлжлэхийг хэлэх аргагүй. Хөрөнгө оруулагчид хууль гарснаар хүнд байдал орж байгаа зүйл байхгүй гэж  Сангийн сайд Н.Баяртсайхан мэдэгдсэн байна. Тэдэнд хангалттай мөнгө үлдээгээд илүү гарсан ашгаас л татвар авах тухай хууль баталсан. Түүнээс биш бүх орлогод 68 хувийн татвар ногдуулаагүй гэж тэрбээр ярьжээ. Хэрвээ эцсийн бүтээгдэхүүн хийвэл өндөр бус өгдөг татвараа л төлнө. Ер нь энэ чиглэлийг Засгийн газар баримталж байгаа бөгөөд Эрдэнэтийн ТУЗ-д зэс хайлуулах үйлдвэр байгуулах чиглэл өгсөн гэж Сангийн сайд мэдэгджээ.

Сангийн сайд Н.Баяртсайхан мэдэгдснээр бол төсвийн тодотгол батлагдснаар Монгол Улсын эдийн засаг шинэ шатанд, шинэ төвшинд гарч ирж буй бөгөөд энэ жилийн төсвийн орлого 200 тэрбумаар нэмэгдэж, зарлага 185 тэрбум төгрөг болсон байна. Өмнө нь төсвийн тодотгол 10-20 тэрбумд яригддаг байсан бол өнөөдөр 200 тэрбум болсон нь томоохон өөрчлөлт хэмээн тэрбээр үзэж байна.  Төсвийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд 40 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Үүний 33 тэрбумыг цалинг 30 хувиар нэмэгдүүлэхэд зориулах бол үлдсэнийг нь төрөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд зарцуулах аж. Мөн тэтгэврийн зөрүүг арилгахад 18.3, хүүхдийн мөнгөнд 22.6, шинээр гэр бүл бологсдод 3.2, шинэ хүүхдэд 4,5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ. Багш нар тэтгэвэртээ гарахдаа авдаг тэтгэмж цаг хугацаандаа олд-доггүй явдлыг цэгцлэх зорилгоор 266 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн дэд бүтцэд 18.8 тэрбумыг зарцуулахаар болжээ.