Татварын 15 хувийн нэг шатлалт тогтолцоотой болох уу? (2006.06.08)
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Хуулийн этгээдийн орлогын албан татварын тухай хууль”-ийн шинэчилсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи нь татварын 15 хувийн нэг шатлалтай тогтолцоонд шилжих саналыг дэмжсэн байна. УИХ дахь МАХН-ын бүлэг татварын шатлалыг хоёр болгох саналтай байсан нь гишүүдийн дэмжлэгийг аваагүй ажээ.
Гэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дахин санал хураалгаж болох төдийгүй хуулийн төслийг санаачлагч нь татах эрхтэй учраас Засгийн газар төслийг татах боломжтой ажээ. Татварын нэг шатлалтай тогтолцоонд шилжснээр улсын төсөв 10.4 тэрбумаар буурах учраас Засгийн газар төслийг буцаан татаж болзошгүй юм хэмээн хэвлэлүүд дүгнэж байна.
Өнгөрсөн онд төсөвт 26000 аж ахуйн нэгж 120.5 тэрбум төгрөгийг аж ахуйн орлогын албан татвараар оруулжээ. Үүний 67.3 тэрбумыг “Эрдэнэт” үйлдвэр оруулсан байна. Үлдсэн 43 тэрбумыг уул уурхайн болон харилцаа холбооны 30 орчим компани оруулжээ. Өөрөөр хэлбэл, төсөвт оруулж байгаа мөнгөний 93 хувийг нийт компаниудын 100 хүрэхгүй нь оруулсан байна.
УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр аж ахуйн нэгжийн орлогод албан татварыг 15 болон 30 хувиар ногдуулах Засгийн газрын саналыг дэмжиж байсан бол нэгдсэн хуралдаан дээр эсрэгээр санал хураагдсанд УИХ -ын гишүүд ч нэлээд гайхаж байгаа ажээ. Тухайлбал, "МАХН-ын гишүүд анх удаа бүлгийнхээ байр сууриас татгалзаж, өөрсдийн толгойгоор асуудалд хандсан нь олон хүнийг гайхлыг төрүүллээ" хэмээн УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Мөнхтуяа “Өнөөдөр” сонинд /¹132/ ярьсан байна. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Засгийн газар хуулийн төслийг татаж авна гэсэн албан бус мэдээллийг сонссон гээд цаашид энэ хуулийг хэлэлцэхэд МАХН-ын гишүүд шийдвэрээсээ буцахгүй гэдэгт найдаж байна гэжээ. Харин УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн Л.Пүрэвдоржийн мөн сонинд ярьснаас үзвэл нэг шатлалтай болбол төсвийн орлого цөм унана гэж сэрэмжилж байна гэжээ.
Юутай ч Ерөнхий сайдын хуулийн зөвлөх Б.Долгорын Өнөөдөр сонинд ярьснаар
Засгийн газар хуулийн төслийг татаж авах талаар одоогоор яриагүй байна. Гэхдээ тэрбээр УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийг батлаагүй бол Засгийн газар хэлэлцэж буй ямар ч шатанд нь татаж болно гэж хуульд заасан байдаг тул татах эрхтэй хэмээн мэдэгджээ.