Татварын нэг шатлал тойрсон шуугиан (2006.06.14)
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон парламентын гишүүдийн олонх нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 15 хувийн нэг шатлалд шилжүүлэхийг дэмжсэн нь тухайн долоо хоногийн хамгийн дуулиантай мэдээ болж байлаа. Гэтэл тэр мэдээ өөрөөсөө дутуугүй бас нэг шуугиан дагуулжээ. Татварын нэг шатлалыг дэмжих асуудлаар санал хураах үед УИХ-ын Ц.Нямдорж өөрийн компьютерийн товчлуурыг хоёр удаа дарснаас үүдэн 13 санал үсэрсэн хэмээн тэрбээр мэдэгджээ. Ноён спикер энэ бол миний буруу тул би хариуцлагаа хүлээнэ хэмээн хэлсэн байна. Одоо нэгэнтээ түүний энэ мэдэгдлийг тойрсон олон янзын тайлбар хөвөрч эхэлжээ.
Юуны өмнө УИХ-ын дарга санал хураалтыг будилуулбал ямар хариуцлага хүлээдэг юм бол хэмээн хэвлэлүүд судалж байх зуурт улстөрчид үүнийг арай өөрөөр тайлбарлаж байна. Тухайлбал, үүний цаана эрх баригч МАХН-ын том эрх ашиг нуугдаж байгаа гэж зарим нь үзэж буй бол УИХ дахь Ардчилсан намын гишүүд хэрвээ энэ асуудлаар дахин санал хураах юм бол түүнээс өмнө гаргасан бусад шийдвэрээр ч дахин санал хураалт явуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Тухайлбал, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан, саяхан баталсан төсвийн тодотгол, хүүхдийн мөнгөний асуудлаар явуулсан санал хураалт гээд ар араасаа хөврөх шинжтэй.
Бүүр цаашлаад ерөөс санал хураалтын шинэ системийг суурилуулсан 1990-ээд оны сүүлээс сүлжээний гацаа үүссэн үү, эсвэл саяхан чуулганы танхимыг "А" танхим руу нүүлгэхдээ санал хураалтын системийг буруу угсрав уу гэсэн асуултууд ч гарч байгаа аж. «АЭ» сонин эдгээр асуултад хариу авахаар нэлээд буурьтай хөөцөлдсөн байна. Тэд юуны өмнө УИХ-ын дарга Ц.Нямдоржийн "Санал будилсныг Тамгын газрын еренхий нарийн бичгийн дарга, техникийн ашиглалтын албаны ажилтан бид гурав эхлээд мэдсэн. Нуугаад өнгөрвөл өнгөрөх л байсан" гэж хэлсэн үгнээс үүдэн нэр дурдсан хүмүүсээс тодруулга авахыг зорьжээ. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав сэтгүүлчдийг огт хүлээн аваагүй бол тус газрын Техник ашиглалтын албаны дарга Г.Чиндэгсүрэн "Кнопоос болоогүй" гэсэн товчхон хариултыг өгсөн аж. Тус сонинд мэдээлснээр, УИХ-ын Тамгын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй нэг ажилтан хэлэхдээ, "Кнопыг хоёр удаа дарсан ч санал будилна гэсэн ойлголт байхгүй. УИХ-ын дарга компьютерийг санал хураалтын горим дээр тавиад товчлуур дарахад 10,9, 8, 7, 6... гэсэн тоо гарсаар 0 гэсний дараа гишүүдийн нэрс татгалзсан, зөвшөөрснөөрөө гарч ирдэг. Үүнийг арван секундын горим гэдэг. Арван секунд дуусаагүй байхад дарга товчлуураа дахин дарсан байлаа гэхэд санал ийш тийш үсэрнэ гэж байхгүй. Телевизийн суваг солих гээд удирдлагын нэг товчлуур дээр андуураад хоёр дарахад тухайн суваг л гарахаас биш өөр суваг нээгддэггүйтэй л адил” гэж хэлжээ.
Татварын нэг шатлалын тогтолцооны асуудал Монголын парламентыг ийнхүү гацаанд оруулж байхад бизнес эрхлэгчид харин уг тогтолцоог дэмжсэн байр суурь илэрхийлж байна. Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийн «АЭ» сонинд ярьснаас үзвэл эдийн засагт бага гажуудал гаргаж, татварын зөв орчин бүрдүүлэхэд нэг шатлал тун зөв хэмээн дэмжиж байгаа аж. Бүх компаниуд ижил нөхцөлөөр буюу 15 хувийн татвар төлөхөд буруудах юмгүй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч манай гишүүдээс л лав үүнийг буруутгасан санал, гомдол ирээгүй хэмээн тэрбээр мэдэгджээ. Тэрчлэн Монголын томоохон бизнесменүүд үүнийг дэмжиж байгаа аж. Тухайлбал, “Ханброй" компанийн ерөнхий захирал С.Отгонбаатар энэ тогтолцоог дэмжиж байна гээд компаниуд хоёр баланс гаргадгаа болино. Охин компанигүй болно. Ажиллагсдын цалин мөнгө нэмэгдэнэ гээд сайн талуудтай хэмээн хэлсэн бол "МСS" группын ерөнхийлөгч Ж.Од “Компаниуд нэгдэх, томрох үйл явц бий болно. Хөрөнгө оруулалтын хэмжээ, цараа нэмэгдэнэ. ТҮЦ-ийн оронд олон сайхан супермаркетууд бий болно л гэсэн үг» гэжээ. "Таван Богд" группын ерөнхий захирал Ц.Баатарсайхан «Үүнээс айх хэрэггүй. Томоохон аж ахуйн нэгжүүд нь илүү хувиар татвар төлдөг ялгаврыг үгүй болгосноор гадаад худалдаа, эдийн засаг, нэр хүнд нь өснө» гэжээ.