Авилга, татварын талаарх зарим байр суурь (2006.06.15)

A- A A+
Авилга, татварын талаарх зарим байр суурь (2006.06.15)

Авилга, татварын талаарх зарим байр суурь (2006.06.15)

УИХ-ын хаврын чуулган  долдугаар сарын эхээр завсарлахаар төлөвлөж нэлээд шаргуу хуралдаж байна. Долоо хоногийн пүрэв, баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаан болдог бол сүүлийн үед лхагва гаригт хүртэл чуулдаг болжээ. Улстөр, эдийн засгийн ихээхэн чухал ач холбогдолтой хуулийн төслүүдийг  энэ хаврын чуулганаар батлахаар төлөвлөснөө амжуулах гэж Монголын парламентчид хуралдаж байгаа юм. Авилгын болон татварын багц хуулийн төслүүдийг эдгээрт оруулж болох юм. Өчигдөр гэхэд эдгээр хуулийн зарим заалтад гишүүд санал нэгдсэн байна. 

Тухайлбал, авлигатай тэмцэх байгууллагыг 55 нас хүрсэн, эрхзүйч мэргэжилтэй хүн тэргүүлэх зүйтэй гэж УИХ-ын гишүүд үзэцгээсэн байна. Харин ийм шалгуурт тэнцсэн хүнийг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилох бололтой.  Авилгатай тэмцэх тухай хуулийн төсөлд "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно" гэсэн томьёоллыг тэдний олонхи нь дэмжжээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж,   Б.Батбаатар, Р.Эрдэнэбүрэн Д.Лүндээжанцан нар авилгын эсрэг бие даасан байгууллага байх тал дээр нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Тэд  энэ байр сууриа УИХ-ын дэргэд байгуулах нь улстөрийн тоглоом болгоно,  авлигад нэр холбогдсон хүмүүсийг хамгаалдаг цайз болгох вий, УИХ дэргэдээ олон мөрдөж, шалгадаг байгууллага бий болгож байна зэргээр тайлбарлаж байна.

Өөр нэг анхаарал татсан зүйл бол улсын төсвийн бодлого буруу явж байна гэж зарим парламентчдын хийсэн мэдэгдэл юм. УИХ-ын гишүүн Т.Очирхүү, З.Энхболд нар өчигдөр болсон УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал дээр ийнхүү мэдэгджээ.  Уг хурлаас төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн тогтсон байна. Улстөрийн шахалтаар хийж байгаа нийгмийн чанартай ачаалал төсөвт хэтэрч байна гэж ноён Т.Очирхүү үзэж байгаа аж. УИХ-ын гишүүн З.Энхболд төсвийн зардал ДНБ-ий 40 гаруй хувьтай тэнцэнэ гэдэг бол дэндэж байгаа хэрэг хэмээн мэдэгджээ. 

Тус байнгын хороо энэ өдөр мөн Хүн амын орлогын албан татварын хуулийн төслийн хувь хүмүүс байр байшин худалдаж авах, хүүхдээ гадаадад сургах зэрэгт татвар авах эсэх талаар хэлэлцсэн байна. Хүн амын орлогын албан татварын шинэ хуулинд "тухайн иргэнд байр авсан мөнгөний хэмжээтэй тэнцэх  орлогыг нь татвараас чөлөөлөх" заалт оруулах болжээ. Чингэхдээ анх удаагаа 30 саяас илүүгүй төгрөгөөр байр худалдаж авч байгаа бол түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаа хүн  амын  орлогын  албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд үзсэн байна.