Ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ (2006.06.20)

A- A A+
Ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ (2006.06.20)

Ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ (2006.06.20)

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа гүн харамсалтайгаар хүний гарт амь үрэгдэж өчигдөр эцсийн замд нь үдлээ. Энэхүү аймшигт хэрэг болон сүүлийн үед  үүсээд байгаа хадгаламж зээлийн хоршоодын асуудлуудтай холбоотойгоор улстөрийн нөхцөл байдал хурцдаж байна. Юуны өмнө УИХ-д суудалтай Ардчилсан нам болон Иргэний Зориг нам тус тусдаа мэдэгдэл гаргаж ээлжит бус сонгууль явуулахыг шаардлаа.

Ардчилсан нам нийгэмд үүссэн олон асуудлыг хүлээн авч шийдвэрлэхийг эрх баригчдад олонтаа уриалан сануулж байсан ч үл хэрэгсэн даамжруулсаар хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг гарсанд харамсан байр сууриа илэрхийлж энэхүү мэдэгдлийг гаргаж байна гэжээ. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал нь 2000-2004 онд дангаараа засгийн эрхийг барьсан МАХН-ын Засгийн газрын үед үүссэн эдгээхэд бэрх нийгмийн өвчин болсон гэж Ардчилсан нам үзэж байгаа аж.  Төрийн албан хаагчийн амийг санаатай бүрэлгэсэн энэ балмад хэргийг МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч үйлдсэнд МАХН-ын удирдлагууд дүгнэлт хийх ёстой. Гэтэл нөхцөл байдлыг буруу үнэлж, эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд мушгин тайлбарлаж уламжлалт мугуйд аргаар асуудлыг шийдэхээс зайлсхийж байгааг эрс буруушааж байна. Энэ нь өнөөгийн эрх баригчид асуудлыг шийдвэрлэх ямар ч чадамжгүйг дахин нотолж байна гээд  УИХ болон иргэдийн хурлын бүх шатны ээлжит бус сонгууль явуулах замаар өнөөгийн хүндрэлт байдлаас гарахаас өөр гарцгүй боллоо гэж Ардчилсан нам дүгнэж байна гэжээ. Тэрчлэн УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр хуралдаж УИХ-ын даргад хандан УИХ-аас томилогдсон төрийн өндөр албан тушаалтныг бүрэлгэсэн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон зарим хоршоодоос иргэдийг ноцтой хохироосон зэргийг судалж  дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулж, УИХ-д суудалтай намуудын төлөөллийг оруулж Ардчилсан намын зөвлөлийн гишүүнээр ахлуулан ажиллуулахыг шаарджээ. 

Иргэний Зориг нам  мэдэгдэхдээ, “олныг хэртхийлгэсэн энэхүү эмгэнэлт явдал нь төрийн албан хаагчаа хамгаалах Монгол төрийн дархлаа алдагдаж, монгол хүн амьд явах баталгаагүй болсныг гэрчилж байна. Иргэдийнхээ итгэлийг алдсан, нийгмээ мэдэрч чадахаа больсон төр, засгийн шийдвэр үр дүнд хүрэхгүй болсон өнөөгийн нөхцөлд УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах замаар улс орноо мухардлаас гаргах нь хамгийн зөв гарц гэжээ.

Ерөнхий сайд М.Энхболд хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой асуудлаар өчигдөр онцгой ажлын хэсэг байгуулжээ. Хадгаламж зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч иргэдэд ихээхэн хэмжээний эд хөрөнгийн хохирол учирч байгаа асуудлын шалтгаан нөхцөлийг судалж шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий энэ  ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр ахалж,  Сангийн дэд сайд Ч.Ганзориг, ХЗДХ-ийн дэд сайд Ш.Сүхбаатар, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Дүгэржав, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, ТЕГ-ын дарга Л.Зориг, УГЕГ-ын дэд дарга Б.Баттөмөр, “Глоб кредит” ХЗХ-ны хохирогчдын төлөөлөгч А.Амартүвшин, “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” ХЗХ-ны хохирогчдын төлөөлөгч Я.Батхүү нар бүрэлдэхүүнд нь оржээ.
Тэрчлэн Ерөнхий сайдын даалгасны одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж буй ХЗХ-ын хэргийг шалгах 40-50 орон тоотой мөрдөн байцаагчдын тусгай хэлтсийг ЦЕГ-ын дэргэд байгуулахаар болсон байна.
 
Сүүлийн үед гарсан олныг цочроосон хэрэг явдлуудтай зэрэгцэн Засгийн газар огцрох тухай яриа хэвлэлээр гарч буйтай холбогдуулан “Өдрийн сонин” /¹158/ Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж ярилцсан байна. Тэрбээр Засгийн газрыг огцруулах хэрэггүй. Огцруулах биш харин тодорхой албан тушаалтныг шалгах асуудал байж болно гэж мэдэгджээ. Ц.Элбэгдорж ярилцлагадаа Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд нарыг тодорхой авлигын хэргүүдтэй холбож, шалгах ёстой гэжээ. Тэдэнтэй албан тушаалтных нь хувьд хариуцлага ярих гэж байгаа бол санал нэг байна. Харин албан тушаалаас нь өөрчлөх нэрээр хариуцлагаас чөлөөлөх гэж байгаа бол буруу хэмээн мэдэгджээ.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг огцруулах бол улс төрийн асуудал. Иймээс энэ асуудлаар эрх барьж байгаагийн хувьд МАХН-аас асуух хэрэгтэй. Нэгийг нь Ерөнхийлөгч, нөгөөг нь Ерөнхий сайд болгох нь МАХН-ын бодлого байсан. Одоо энэ хоёр хүн алдаа гаргаж байгаа бол МАХН л зуурсан бантангаа хариуцаг. Манай нам бусад намын алдаа завхралыг засах гэж биш Монгол Улсыг авлига, ядуурлаас салгаж, улс орноо хөгжүүлэх, төрд бүхэлд нь шударга ёс тогтоохын төлөө ажиллаж байна хэмээн Ц.Элбэгдорж ярьсан байна.