Татвар хоёр шатлалтай боллоо (2006.06.30)

A- A A+
Татвар хоёр шатлалтай боллоо (2006.06.30)

Татвар хоёр шатлалтай боллоо (2006.06.30)

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр оруулах үед гишүүдийн олонхи нь татварыг нэг шатлалтай болгохыг дэмжсэн. Гэвч хэрвээ парламент үүнийг эцэслэн батлахаар болбол Засгийн газар хуулийн төслөө хэлэлцүүлгийн явцад эгүүлэн татах тухайгаа мэдэгдсэн байна. Иймд энэ асуудлаар УИХ дахь МАХН-ын бүлэг болон Ардчилсан намын зөвлөл зөвшилцөх болсон бөгөөд  өчигдөр хоёр намын төлөөлөл Ерөнхий сайд, Сангийн сайд нартай хуралдсан байна. «Өнөөдөр” сонинд /¹153/ мэдээлснээр энэ хурлаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хоёр шатлалтай болгоход санал нэгджээ. Нэгэнт  зөвшилцөл явагдсан тул өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааныг зарлаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэн  татварын хоёр шатлалыг гишүүдийн олонхийн саналаар баталсан байна.

МАХН-ын бүлгийн гишүүн Д.Дондогийн ярьснаар  бол татварыг 10, 25 хувь гэсэн хоёр шатлалтай болгосноор гурван тэрбум төгрөгний орлоготой аж ахуйн нэгжээс 10 хувь, түүнээс дээш орлоготойгоос 25 хувийн татвар авна гэсэн үг. Хоёр шатлалтай болгосноор бага орлоготой аж ахуйн нэгжийн тэлөх татварын хэмжээ буурна гэж тэрбээр ярьжээ. Харин Ардчилсан намын зөвлөл татварын нэг шатлалтай болгох тал дээр хатуу байр суурьтай байсан юм.  Энэ байр суурь нь яагаад өөрчлөгдөх болсон талаар  Ардчилсан намын зөвлөлийн гишүүн З.Энхболд тайлбарлахдаа, Засгийн газар хуулиа татаж авна гэсэн.  Гэтэл энэ хуульд татварын нэг шатлалаас гадна олон чухал өөрчлөлт орсон. Эдгээр өөрчлөлтийг хадгалах үүднээс бид байр сууриа эргэж харахад хүрсэн хэмээн мэдэгджээ.
 
УИХ-ын чуулганы мөн өдрийн хуралдаанаар Онцгой албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ.
Уг хуулиар эх орны болон импортоор оруулж ирсэн согтууруулах ундаа, тамхи, төлбөрт таавар, бооцоот тоглоомд ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ногдуулж буй онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн байна. УИХ-ын  гишүүн З.Энхболд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ногдуулах онцгой албан татварын хэмжээг төсөлд тусгаснаас 10 дахин нэмэгдүүлэх санал гаргасныг парламентын гишүүдийн олонхи нь дэмжжээ. Ингэснээр тоглоомын ширээ буюу цахилгаан хүрд 80.000, автомат тоглоом 3000, тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 80.000, бооцоо тооцоолох букмейкерийн төв 80.000 ам.долларын татвартай байна гэж “Өнөөдөр” сонинд мэдээлжээ. Онцгой албан татварын шинэчилсэн хуулийг 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр хуульчилсан байна. Гэхдээ  бооцоот тоглоомын татвартай хэсгийг 2006 оны долдугаар сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтжээ. Өөрөөр хэлбэл бооцоот тоглоомын үйл ажиллагаа  эрхлэгчид маргаашаас эхлэн энэ татварыг төлж эхлэх юм байна.