Татварын өөрчлөлтүүд (2006.07.03)

A- A A+
Татварын өөрчлөлтүүд (2006.07.03)

Татварын өөрчлөлтүүд (2006.07.03)

УИХ өнгөрсөн долоо хоногт Хүн амын орлогын, Аж ахуйн нэгжийн, Онцгой албан татварын болон Нэмэгдсэн өртгийн татварын хуулиудыг шинэчлэн баталлаа. Ингэснээр Татварын багц хуулийн 80 хувь нь шинэчлэгдсэн бөгөөд УИХ  намрын чуулганаар Yл хөдлөх хөрөнгө, Гаалийн тариф, Татварын ерөнхий хуулийг шинэчлэх юм байна.  Шинээр баталсан эдгээр хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж мөрдөнө. Харин бооцоот тоглоомд ногдуулсан онцгой албан татварыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Татварын дөрвөн хуульд өөрчлөлт оруулснаар улсын төсвийн орлого 200-гаад тэрбум төгрөгөөр багасах бөгөөд энэ нь төсвийн орлогын 16 орчим хувьтай тэнцэх юм байна.

Хувь хүний  орлогын албан татвар
Шинэ хуулиар хүн амын орлогын албан татварын нэрийг хувь хүний орлогын албан татвар гэж өөрчилсөн байна. Манай улсын 270 мянган иргэн хүн амын орлогын албан татвар төлдөг ажээ. Хүн амын орлогын албан татвар өмнө 30, 20, 10 гэсэн гурван шатлалтай байсан бол одоо 10 хувийн нэг шатлал руу шилжүүлжээ. Гэхдээ 70 мянган төгрөгөөс дээш цалинтай бол хүн амын орлогын албан татвар ногдуулах болжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
30, 15 гэсэн хоёр шатлалтай байсан уг татварын хувийг бууруулж 25, 10 гэсэн шатлалд шилжүүллээ. Гэхдээ жилийн орлого нь гурван тэрбум төгрөгөөс дээш аж ахуйн нэгж 25 хувийн татвар төлнө. Гэхдээ гурван тэрбум төгрөгөөс дээш давсан орлогодоо л дээрх 25 хувийн татварыг төлөх аж. Тухайлбал, жилийн орлого нь зургаан тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж байлаа гэхэд хуулиар эхний гурван тэрбумдаа 10 хувийн, дараагийн гурван тэрбумд 25 хувийн татвар төлнө. Ингэснээр 10.5 сая төгрөгийг татварт төлөх ёстой. Энэ нь зургаан тэрбум төгрөгийн 17 хувь гэсэн үг юм. Статистик судалгаанаас үзвэл “Эрдэнэт”, “Мобиком”, Төмөр зам, “МИАТ”, “Алтан Дорнод Монгол”, ХХБ, ХААН банк зэрэг 86 аж ахуйн нэгжийн жилийн орлого гурван тэрбум төгрөгөөс давдаг ажээ. Энэ нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 0,4 хувь юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн 99,6 хувь нь 10 хувийн татвар төлнө. Өнгөрсөн жил аж ахуйн нэгжийн орлогын татвараар 120 тэрбум төгрөгийг төсөвт оруулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар
НӨАТ буюу хэрэглээний татварыг 15-аас 10 хувь болгожээ. Ингэснээр 70 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах аж. Урьд нь энэ татвараар улсын төсвийн 180 тэрбумыг бүрдүүлж байжээ.

Онцгой албан татвар
Парламент бусад татварын хувьд  бууруулах бодлого баримталсан бол онцгой албан татвар  дээр нэмэх бодлого барьжээ. Тухайлбал, бооцоот тоглоом зэрэгт өндөр татвар ногдууллаа. Бооцоот тоглоом эрхлэгчид энэ сарын 1-нээс өндөр татвар төлж эхэлнэ, мөн цилиндрийн багтаамж ихтэй автомашинд ирэх оноос өндөр татвар ногдуулах ажээ.