Ашигт малтмалын тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дээр олонхийн санал авсан заалтууд (2006.07.05)
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор уг хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ирэх баасан гаригт УИX-д эцсийн хэлэлцүүлэгт оруулах ажээ. Учир нь өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн нэгтгэсэн төслийн болон дагалдах хуулийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцсэн байна. “АЭ” сонинд /131/ мэдээлснээр парламентын гишүүд анхны хэлэлцүүлгээр дараах саналуудыг дэмжжээ. Үүнд:
-"Стратегийн ач холбогдол бүхий орд гэж үндэсний аюулгүй байдал, улс орны болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний үйлдвэрлэл явуулах боломж бүхий, олон улсын зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихтэй ашигт малтмалын хуримтлалыг хэлнэ
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшпийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно.
-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хувь хүртэл байж болно. Төрийн оролцоо оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр тодорхойлогдоно
-Улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 34 хувийг төр эзэмших болно
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина. Эдгээр заалт дээр гишүүдийн олонхи нь дэмжсэн санал өгсөн байна.