Төрийн байгууллагын ашиг сонирхлын зөрчлийг хэн хянах вэ? (2006.07.06)

A- A A+
Төрийн байгууллагын ашиг сонирхлын зөрчлийг хэн хянах вэ?  (2006.07.06)

Төрийн байгууллагын ашиг сонирхлын зөрчлийг хэн хянах вэ?  (2006.07.06)

Энэ асуудал тодорхойгүй үлдлээ. Учир нь “Төрийн байгууллагуудын ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг Авилгалтай тэмцэх газар хянана” гэсэн заалтыг Авилгалын эсрэг хуулийн төслөөс хасахаар тогтсон байна.  Хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалт болон Хуульзүйн байнгын хороод  өчигдөр хамтран  хэлэлцэх үеэр байнгын хороодын гишүүдийн олонхи нь ийнхүү үзжээ. Хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр энэ заалтыг Авилгалын эсрэг хуульд оруулсан  хэдий ч буруушаах гишүүн цөөнгүй байжээ. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын үзэж байгаагаар энэ заалт нь  Авилгатай тэмцэх байгууллагын эрх үүрэгт шууд хамаарахгүй аж. Мөн УИХ-ын гишүүн С.Оюун ашиг, сонирхлын зөрчлийг судлах, хянах үүргийг Авилгатай тэмцэх байгууллагад өгвөл хэрэгжүүлэхэд хэцүү болно хэмээн мэдэгджээ. УИХ-ын гишүүн А.Цанжид ашиг, сонирхлын зөрчлийг Ёс зүйн дүрэмд багтаах хэрэгтэй. Ингэхгүй бол хууль батлах болгонд түүнийг нь гишүүн бүртэй харьцуулж үзэх хэрэг гарна гэсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Yүл, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж нар  энэ заалтыг хэвээр хадгалахын төлөө байжээ. Тухайлбал, “ЗМ” сонинд мэдээлснээр Э.Бат-Yүл хэлэхдээ,  Yйлдвэр, худалдааны яам тулгар төр байгуулагдсны 800 жилийн ойд зориулан соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг гаргасан байна. Гайхмаар нь тэр ажлын хэсгийнхэн бидэнд төсвөөс мөнгө өгөхгүй болохоор сайд маань хувиасаа мөнгө гаргасан гээд л яриад сууж байх юм. Энэ бол яамны ашиг, сонирхлын зөрчил. Ер нь ийм зүйл нийгэмд газар авчээ. Гаалийн байгууллага гэхэд нэг асуудлаар 14 захирамж гаргаж, авилга өгч байж л үүнийг нь давахаас өөр аргагүй болгож байна. Иймээс ашиг, сонирхлын зөрчилтэй холбоотой заалтыг Авилгалын эсрэг хуулиас хасч болохгүй гэжээ. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ашиг, сонирхлын зөрчил хэтрэхээрээ авилга болдог. Ёсзүйгээр үүнийг цэвэрлэнэ гэж байхгүй. Энэ тухай заалтыг Авилгалын эсрэг хуульд оруулахгүй бол том цоорхой үүснэ гэж шүүмжилсэн байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ашиг, сонирхлын зөрчилтэй Засгийн газар байгуулчихаад, түүнийгээ хамгаалах үйлдэл гаргаж байна хэмээн мэдэгджээ.

Авилгатай тэмцэх байгууллагын ажилтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөсөө хойш таван жилийн дотор бүх шатны сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн заалтыг хуулийн төсөлд оруулах саналыг  УИХ-ын гишүүн Э.Бат-Yүл гаргасан боловч мөн олонхийн дэмжлэг аваагүй байна.  Үүнийг  Yндсэн хуулинд заасан  иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчинө хэмээн гишүүд үзжээ. 

Авилгалын эсрэг хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж хуулийг батлах төлөвтэй гэж хэвлэлүүд дүгнэж байна.