Авилгын эсрэг хууль батлагдав (2006.07.07)

A- A A+
Авилгын эсрэг хууль батлагдав (2006.07.07)

Авилгын эсрэг хууль батлагдав (2006.07.07)

УИХ Авилгын эсрэг хуулийг өчигдөр баталлаа. Энэ хуулийг 2005 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм байна.  Шинэ хуульд зааснаар Авилгатай тэмцэх хараат бус, бие даасан байгууллагатай болно. Уг байгууллага нь авилгын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, авилгын гэмт хэргийг илрүүлэхээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулах эрхтэй. Мөн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байх юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын болон Yндсэн хуулийн Цэцийн гишүүд, Улсын дээд шүүхийнхэн, Улсын ерөнхий прокурор, орлогч, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга зэрэг хүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлж, интернэтэд байрлуулахаар хуульд тусгажээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, холбогдох материалыг заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг 100-150 мянган төгрөгөөр торгох аж. Түүнчилэн шүүгч, прокурор, цагдаа, тагнуулынхан, төрийн аудитын болон мэргэжлийн хяналтын байгууллагынхан албан үүргээ гүйцэтгэж байхдаа авилгын тухай мэдээлэл олж мэдвэл Авилгатай тэмцэх газарт мэдэгдэхээр хуульчилсан байна.

Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр  ганц гишүүн цөөнх болж шүүмжлэл хийсэн нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж аж.  "Төрийн байгууллага, албан тушаалтан авилга гарах нөхцөл боломж бүрдүүлсэн, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тушаал, шийдвзр, журам, дүрмийг Авилгатай тэмцэх газраас өгсөн шийдвэрийн дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө. Хэрэв шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулаагүй бол тэдгээрийг хүчингүй болсонд тооцно" гэсэн заалтыг хуулийн төслөөс хасахаар Байнгын хороод шийдвэрлэснийг тэрбээр эсэргүүцэж чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлжээ.  Р.Гончигдорж  энэ Засгийн газрыг байгуулах үед ашиг, сонирхлын зөрчлийн талаар их ярьсан. Уул, уурхай, эрчим хүчний чиглэлийн бизнестэй хүн тухайн салбарынхаа сайд хийж байна. Тэр сайд дараа нь нийтийн эрх ашгийн төлөө бус шийдвэр гаргаад эхэлбэл үүнийг нь хуульд биш, ёсзүйн дүрмээр шийдэх үү гэж шүүмжилсэн байна. Ашиг сонирхлын зөрчлийн тухай асуудлыг Авилгын эсрэг хуульд багтаахыг дэмжвэл авилгагүй болохын төлөө УИХ гэдгээ нотолно хэмээн тэрбээр парламентын гишүүдэд уриалсан боловч түүний саналыг хүлээн аваагүй ажээ.