Монгол Улсын 2006 оны долдугаар сарын эдийн засаг, мөнгөний тойм (2006.08.22)
Монгол Улсын 2006 оны долдугаар сарын мөнгөний тоймыг Монгол банкнаас, нийгэм, эдийн засгийн байдлын тоймыг Үндэсний статистикийн газраас тус тус гаргасан байна.
Эдийн засгийн тойм
Үндэсний Статистикийн газрын мэдээлснээр 2006 оны долдугаар сарын байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2000 оны зэрэгцүүлэх үнээр өмнөх оны мөн үеэс 16.8 хувь буюу 3.7 тэрбум төгрөгөөр өсч, 473.3 тэрбум төгрөг болжээ. Тухайлбал, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал боловсруулах салбарын үйлдвэрлэл 19.2 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 3.0 хувиар нэмэгдэж, харин уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 6.8 хувиар буурчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2000 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 47.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувь, оны эхнээс 5.9 хувиар тус тус өсчээ. Харин өнгөрсөн сарынхаас 0.2 хувиар буурсан байна. 2005 оны долдугаар сард хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлт 16.0 хувьтай байсан бол эдүгээ1.8 хувиар буураад байгаа аж. Энэ оны долдугаар сард хэрэглээний 287 нэр төрлийн бараа, үйлчилгээний 18.8 хувийнх нь үнэ өсч, 12.2 хувийнх нь үнэ буурч, 69.0 хувийнх нь үнэ тогтвортой байжээ. Хүнсний бараа, ундаа, ус, хувцас, бөс бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, түлш, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн дүн 0.1-0.9 хувиар буурсан нь ерөнхий индекс 0.2 хувиар буурахад нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн газар үзэж байна. Согтууруулах ундаа, тамхи, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.2 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.9 хувиар өсч, бусад бүлгийн барааны үнэ тогтвортой байсан гэж тус газар мэдээлжээ.
2006 оны долдугаар сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.4 хувиар өсч 756.2 сая ам. долларт, импорт 25.4 хувиар өсч 760.9 сая ам. долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 мянган ам. доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. Гадаад худалдааны алдагдал 4.7 сая ам. доллар болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 121.7 сая ам. доллараар багасчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 227.0 сая ам. доллар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 52.3 сая ам. доллараар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 9.3 сая ам. долларэар тус тус өссөн нь нийт экспортын хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлсөн аж. Экспортод нийлүүлсэн барааны 92.6 хувийг валютын төлбөртэй худалдаа, 6.4 хувийг гадаадын захиалагчийн материалаар хийсэн бараа, 0.1 хувийг бараа солилцоо эзэлж байна.
Эрдэс бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь импортын өсөлтөд нөлөөлөв. Импортоор нийлүүлсэн барааны 80.1 хувийг валютын төлбөртэй худалдаа, 10.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 5.2 хувийг гадаадын захиалагчийн материал, эд зүйлс, 3.3 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.0 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа тус тус эзэлж байна.
Мөнгөний тойм
Монгол банкны мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 457.6 тэрбум төгрөг буюу 44.0 хувь, өмнөх сараас 23.3 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар тус тус өсч 1.5 их наяд (триллион) төгрөг болжээ. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн дийлэнх нь банкуудын хадгаламжийн өсөлт байна гэж тэс банкнб мэдээнд дурджээ.
Мөнгөний нийлүүлэлтийг бүтцээр нь авч үзвэл бараг мөнгө 78.3 хувь, бага мөнгө (М1) 21.7 хувь, үүнээс банкнаас гадуурхи мөнгө 12.9 хувь, төгрөгийн харилцах 8.8 хувийг тус тус эзэлж байгаа аж. Банкнаас гадуурхи мөнгө, иргэд байгууллагын тегрөгийн харилцах данснаас бүрддэг М1 мөнгө нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.2 тэрбум төгрөг буюу 16.6 хувиар өссөн бол өмнөх сартай харьцуулахад 3.6 тэрбум тегрөг буюу 1.1 хувиар буурчээ. М1 мөнгөний жилийн өсөлтийн дийлэнх буюу 74.4 хувь нь иргэд, байгууллагын харилцах дансны өсөлт, үлдэх 25.6 хувь нь банкнаас гадуурхи мөнгөний өсөлт байна. Бараг мөнгө нь гадаад валютын харилцах, иргэд байгууллагын төгрөг болон валютын хадгаламжаас бүрддэг бөгөөд өмнөх оны мөн үеэс 411.4 тэрбум төгрөг буюу 54.0 хувь, өнгөрсөн сарынхаас 26.8 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар тус тус нэмэгдсэн байна. Бараг мөнгөний жилийн есөлтийн 45.6 хувийг төгрөгийн хадгаламжийн өсөлт, 41.3 хувийг гадаад валютын хадгаламжийн өсөлт, 13.1 хувийг гадаад валютын харилцахын өсөлт эзэлж байна. Сарын өсөлтийн хувьд 68.6 хувь нь төгрөгийн хадгаламжийн өсөлт, 47.6 хувь нь валютын хадгаламжийн өсөлт эзэлж байна. Харин гадаад валютын харилцах өмнөх сарынхаас 4.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
Банкны салбарт гарч буй дэвшилтэт өөрчлөлтүүд, иргэд байгууллагын итгэл дээшилж байгаатай холбоотойгоор банкнаас гадуурхи мөнгө буюу М2-ын харьцаа сүүлийн жилүүдэд буурч байна гэж Монгол банк мэдээлжээ. Тухайлбал, энэ оны долдугаар эцсийн байдлаар энэ харьцаа 12.9 хувь болсон нь 2000 оны эцсээс 26.1 нэгж, өнгөрсен оны тухайн үеэс 4.5 нэгжээр тус тус буурсан дүнтэй байгаа аж.
Банкнаас гадуурхи мөнгө гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 78.5 хувийг эзэлж байгаа нь өмнөх сарынхаас 3.1 нэгж, өнгөрсөн оны мөн үеэс 7.6 нэгжээр тус тус буурчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2006 оны долдугаар сард 245.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 1.6 хувь, өмнөх оны мөн үеэс 16.2 хувиар тус тус нэмэгджээ. Нөөц мөнгө өмнөх сараас 7.2 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 70.3 тэрбум төгрөг буюу 23.6 хувиар өсч 368.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2006 оны долдугаар сарын байдлаар банкны салбараас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2005 оны мөн үеэс 351.4 тэрбум төгрөг буюу 47.8 хувь, өнгөрсөн сарынхаас 35.3 тэрбум төгрөг буюу 3.4 хувиар тус тус өсч, 1.1 наяд төгрөгт хүрчээ. Банкууд нийтдээ 156.0 тэрбум төгрөгийн зээл олгосноос 55.8 хувь нь төгрөгийн зээл, 44.2 хувь нь валютын зээл байна. Харин банкууд оны эхнээс 1.1 их наяд төгрөгийн зээл олгосны 59.7 хувь нь төгрөгийн зээл, үлдэх 40.3 хувь нь валютын зээл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 91.4 хувийг хэвийн зээл, 2.4 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 6.3 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Хэвийн зээлийг өмчлөгчөөр нь авч үзвэл, 57.0 хувь нь хувийн салбарт олгосон зээл, 38.4 хувь нь иргэдэд олгосон зээл, 3.1 хувь нь улсын салбарт олгосон зээл, 1.4 хувь нь бусад салбарт олгосон зээл байна.
Зээлжүүлэлт хэдэн том банкинд илүү төвлөрсөн хэвээр байна гэж Монгол банк мэдэгджээ. Зээлийн хэмжээгээрээ Худалдаа хөгжил, Хөдөө аж ахуй, Голомт, Анод банкууд тэргүүлж, нийт зээлийн үлдэгдлийн 60.0 хувийг бүрдүүлж байна.
2006 оны хоёрдугаар улирлын байдлаар банкны системийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн үлдэгдлийн 79.9 хувийг Улаанбаатар хот дахь банкууд болон тэдгээрийн салбар, нэгжээр дамжуулан олгогдсон бол хөдөө орон нутгуудад зээлийн үлдэгдлийн 20.1 хувь ногдож байна. Мөн иргэдийн хадгаламжийн 84.9 хувь, чанаргүй зээлийн 92.6 хувь Улаанбаатар хотод хамрагдаж байна. Зээлийн хэмжээгээрээ Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд тэргүүлж байгаа бөгөөд нийт аймгуудын зээлийн 62.5 хувийг эзэлж байна.
Банкууд заавал байлгах нөөцийн шаардлага, зохистой харьцааны үзүүлэлтүүдийн хангалт, харилцагчдын хөрөнгийн хэлбэрийн эрэлтээс хамааран хоорондоо арилжаа хийдэг. 2006 оны долдугаар сарын байдлаар банкууд хоорондоо нийт 34.1 тэрбум төгрөгийн арилжаа хийсний 73.3 хувь нь овернайт зээл, 26.7 хувь нь репо нөхцөлтэй арилжаа байжээ. Эдгээр арилжааны жигнэсэн дундаж хүү жилийн 6.21 хувь байна. Овернайт зээлийг Улаанбаатар (11.0 тэрбум), Монгол шуудан (6.0 тэрбум), Анод (4.0 тэрбум), Худалдаа хөгжил (3.0 тэрбум) банкууд хамгийн
их авчээ. Банкууд 2006 оны долдугаар сард дунджаар заавал байлгах нөөцөнд 64.2 тэрбум төгрөг байлгах шаардлагыг бүрэн хангаж ажилласан бөгөөд Монголбанк дахь банкуудын нөөц 83.3 тэрбум төгрөг байсны 19.1 тэрбум төгрөг нь илүүдэл нөөц хэлбэрээр байршиж байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2006 оны долдугаар сарын эцэст 1169 төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 3 төгрөг буюу 0.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 24.0 төгрөг буюу 2.0 хувиар чангарчээ. Тайлант сарын ам.долларын дундаж ханш 1170.32 төгрөг байв. Харин евротой харьцах төгрөгийн ханш тайлант сард 0.9 хувиар, юаньтай харьцах ханш 0.1 хувиар суларсан байна.
Гадаад валютын цэвэр албан нөөц 2006 оны долдугаар сарын байдлаар 435.49 сая ам. долларт хүрсэн нь манай улсын импортын 17.0 долоо хоногийн хэрэгцээг хангахуйц байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад валютын цэвэр албан нөөц 210.9 сая ам. доллар буюу 93.9 хувиар нэмэгджээ.