Намуудын рейтингийг тодорхойлох сонгууль (2006.08.25)
УИХ-ын сонгуулийн 46 тойргийн нөхөн сонгуулийг ажиглагчид ийнхүү дүгнэж байна. Парламент завсарлаж тойрогтоо амрангаа ажилладаг Монголын улстөрчдийн анхаарал энэ зун тус тойрогт төвлөрчээ. Есдүгээр сарын 2-нд Хөвсгөлд болох нөхөн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь урьд өмнө нь тохиож байсан нөхөн сонгуулиудаас хамгийн олон нэр дэвшигчтэй нь юм. Энэ удаа МАХН, Ардчилсан нам, Эх орон нам, Иргэний зориг нам, Бүгд найрамдах нам, Уламжлалын нэгдсэн нам, Ард түмний нам тус тус нэр дэвшүүлжээ. УИХ-ын дөрвөн удаагийн ээлжит сонгуулиар тус тойрогт гурван удаа Ардчилсан нам, нэг удаа МАХН ялж байжээ. Ерөөс Хөвсгөл аймгийг Монголын ардчиллын өлгий гэж зарим улстөрч үздэг агаад иймээс тус тойргийг Ардчилсан намынхан алдах ёсгүй гэж үзэж байна. 2004 онд энэ тойрогт Ардчилсан намын гишүүн, хожмоо Монголын газар шорооны төлөө тэмцэгч хэмээн өргөмжлөгдсөн талийгаач О.Энхсайхан ялсан бөгөөд энэ удаа түүний дүү О.Отгонсайхан ахынхаа үйл хэргийг залгамжлахаар Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Харин МАХН-аас энэ тойрогт нэг удаа ялж, бас нэгэнтээ өвдөг шороодсон улстөрч Ө.Энхтүвшин нэр дэвшсэн. Тэрбээр одоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албыг хашиж буй. Гол өрсөлдөөн энэ хоёр эрхмийн дунд, бүр тодорхой хэлбэл энэ хоёр намын дунд өрнөж байна.
МАХН-ын дэргэдэх “Прогноз” төвийн судалгаанаас үзвэл тус намын нэр дэвшигч 40 орчим хувиар ялалт байгуулж болохоор байгаа аж. Энэ судалгаагаар Ө.Энхтүвшин /МАХН/ 40 хувь, О.Отгонсайхан /AH/ 38 хувь, бусад нэр дэвшигч нийлээд үлдсэн хувийг авч байна гэж Улстөрийн сонинд бичжээ. Улстөрчид болон ажиглагчдын тайлбарлаж байгаагаар бол бусад намаас нэр дэвшигчид нь Ардчилсан намын нэр дэвшигчийн саналыг түлхүү хуваах төлөвтэй гэнэ. Гэхдээ энэ нь тайлбар гэхээсээ илүүтэй МАХН-ын сонгуулийн тактикийн нэг хэсэг бөгөөд магадгүй урвуу хамааралтай байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Юутай ч одоогоор нэг ч нэр дэвшигч нэрээ татахаа мэдэгдээгүй байна. Энэ хугацаа өнөөдрөөр тасалбар болох юм.
Ардчилсан намын хувьд нөлөө бүхий улстөрчид нь аль хэдийнэ Хөвсгөлд төвхнөж аймгийн төв, сум, багийг хариуцан авч ажиллаж байна. Тус намын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэд бараг бүгдээрээ сонгуулийн сурталчилгаанд оролцох хүсэлтээ илэрхийлж, өөрсдөө бүх зардлаа хариуцан ажиллаж байгаа юм байна. Харин Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээс сонгуулийн ажилд биечлэн оролцох боломжгүйчүүд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа аж.
Ардчилсан нам талийгаачийг хүндэтгэдэг өмнөх уламжлалыг бодон 46 дугаар тойрогт өрсөлдөж буй бусад намд хандан нэр дэвшигчээ татахыг уриалсан ч тодорхой хариуг авсангүй. Тэр ч байтугай 65 тойргийн нөхөн сонгуулийн үеэр УИХ дахь Ардчилсан нам болон МАХН-ын хооронд байгуулсан гэрээний орон гарсан гишүүний суудалд тухайн намын гишүүнчлэлийг хадгалах үүднээс нэр дэвшүүлэхгүй байх тухай заалтыг дагаж мөрдөхийг сануулсан авч МАХН-ын хувьд энэ гэрээ зөвхөн өөрийн намын даргыг ялуулах зорилготой байсан нь одоо нэгэнт тодорхой байжээ. Энэ гэрээг өнөөг хүртэл цуцлаагүй бөгөөд аль нэг тал нь дангаар цуцлах эрхгүй хэмээн заасан боловч ийнхүү хэрэгжсэнгүй. Угтаа бол МАХН-ын дарга, эдүгээгийн Ерөнхий сайд М.Энхболд 65 тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихдээ Ерөхий сайд Ц.Элбэгдоржийг чухам энэ заалтад үндэслэн нэрийг нь татуулж чадсан байна.
Харин МАХН-ын тухайд өдөр тутмын хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол Хөвсгөлд тус намын рейтинг нэр дэвшигчийнхээсээ дор байгаа тул сонгуулийн штаб нь МАХН-ын удирдлагыг тэнд аваачихыг хүсэхгүй байгаа аж. “Засгийн газар нүүж ирэх аюулаас ийнхүү гэтэлгээд жигүүрийнхэн голдуу нэр дэвшигчээ дэмжиж ажиллаж байна хэмээн “Өдрийн сонинд мэдээлжээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсгийн мэдэгдснээр 46 дугаар тйорог14998 сонгогчтой аж. Гэхдээ шилжилт хөдөлгөөн, бичиг баримтын зөрчлийн улмаас сонгуульд оролцох боломжгүй иргэд хэд байгааг нягтлаад эцсийн дүнг наймдугаар сарын 25-нд гаргана гэж СЕХ-ноос мэдээлжээ. Одоогоор Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны загвар болон сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм, ажиллах журмыг баталжээ. Саналын битүүмжилсэн хайрцгаар энэ сарын 29-нөөс хойш санал авч эхлэх юм байна.