Төсөв ерөнхийлөн захирагчид хөрөнгөө зарцуулж чадахгүй байна (2006.08.30)

A- A A+
Төсөв ерөнхийлөн захирагчид хөрөнгөө зарцуулж чадахгүй байна (2006.08.30)

Төсөв ерөнхийлөн захирагчид хөрөнгөө зарцуулж чадахгүй байна (2006.08.30)

2006 оны эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 473 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.8 хувиар, боловсруулах аж үйлдвэр 19.2 хувиар  өссөн нь сүүлийн үед үзэгдээгүй амжилт хэмээн Сангийн сайд Н.Баяртсайхан мэдэгджээ.  Тэрбээр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл анх удаа ашигтай гарлаа хэмээн хэлжээ.  Сүүлийн арваад жилд гадаад худалдааны алдагдал 100-190 сая ам. долларын алдагдалтай гардаг байсантай харьцуулбал энэ бол маш том ололт гэж Сангийн сайд үзэж байна. Монгол Улсын 2006 оны нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт гарсантай холбогдуулан Сангийн сайд Н.Баяртсайхан “Өнөөдөр” сонин ярилцлага өгчээ. Эхний долоон сарын үзүүлэлт нааштай байдлаа хадгалж чадвал оны эцсээр илүү таатай боломж бүрдэхийг үгүйсгэхгүй сайд үзэж байгаа ажээ.

Сангийн сайдын ярьснаас үзвэл Засгийн газар инфляцийн түвшинг тогтвортой хадгалах бодлогыг барьж байна. Инфляцийн төвшин зургаа орчим хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нааштай үзүүлэлт гэж тэрбээр мөн хэлжээ. Цалин, хөлсийг 30 хувиар, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг 25 хувиар нэмснээр аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын дундаж цалин 128.5 мянган төгрөг болсон. Түүнийхээр цалин, тэтгэврийн өсөлт инфляцийн төвшингээс түрүүлж яваа аж. Гэхдээ ОХУ-д бензин, шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор шатахууны үнэд өөрчлөлт орж болзошгүй байгаа нь санаа зовоож байгаа гэнэ. Сайдад байгаа мэдээллээр ОХУ-аас импортолдог бензин, шатахууны үнэ нэлээд өсөх төлөвтэй байна.

Сангийн сайдын ярьснаас үзвэл төсөв ерөнхийлөн захирагчид хөрөнгөө зарцуулж чадахгүй байна. Төсвийн орлого 634 тэрбум төгрөгт хүрч, зарлага 470 тэрбум төгрөгт болж, нийт 164  тэрбумын ашигтай байгаа ч төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хангалтгүй, ердөө 48.4-хөн хувьтай байна гэж тэрбээр мэдэгджээ. Хөрөнгө оруулалтад шаардагдах бүх хөрөнгө мөнгө нь Сангийн яамны Төрийн сан дээр байгаа хэдий ч түүнийгээ авч ашиглах, зарцуулах тал дээр төсөв ерөнхийлөн захирагчид тун хангалтгүй ажиллаж байна гэж Сангийн сайд Н.Баяртсайхан үзэж байна.  Төсвийн захирагчид хөрөнгө оруулалтынхаа объектын зураг төслийг зохиогоогүй, техник, эдийн засгийнх нь тооцоо, үндэслэлийг одоог хүртэл хийгээгүй байгаа юм. Энэ бүх бэлтгэлийг хангасны дараа тендер зарлах ёстой. Ийм байдлаас болж цаг алдаж буйг тэрбээр анхааруулжээ. 

Монгол банкнаас гаргасан тоймоор мөнгөний нийлүүлэлт 1.5 триллион төгрөг  байгааг Сангийн сайд  үзэхдээ энэ бол 50 шахам хувиар өссөн үзүүлэлт гэжээ. Инфляцийн төвшинтэй үүнийг харьцуулбал манай улсад мөнгөний асар их хэрэгцээ байна гэсэн үг юм. Тийм учраас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тааламжтай орчныг бүрдүүлэх шаардлага Засгийн газрын өмнө тулгарч байгаа ажээ. Сайдын ярьснаас үзвэл Мөнгөний нийлүүлэлтийн голыг иргэдийн хадгаламж бүрдүүлдэг 1.5 триллион төгрөгийн 50-иас илүү хувийг иргэдийн хадгаламж эзэлдэг байна.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ эрс буурч байгаа талаар Сангийн сайд хэлэхдээ, өнөөдрийн байдлаар дөрвөн тонн алтыг Монголбанкинд дутуу тушаасан. Yүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол гэнэтийн өсөлтийн ашгийн татвар. Өнөөдөр дэлхийн зах зээлд нэг унци алт 670 ам. доллар байна.  Yүний 500-гаас дээш буюу 170 ам. доллараас гэнэтийн ашгийн татвар авахаар байгаа юм. Харин алтны үйлдвэрлэл буураагүй, хэвийн хэмжээндээ байгаа гэж сайд үзэж байна.