2006-2007 оны хичээлийн жилийн онцлог (2006.09.01)
Жил бүрийн есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхэлдэг. 2006-2007 оны хичээлийн жилд Монголд 730 орчим цэцэрлэгт 91.0 мянга гаруй, ерөнхий боловсролын 724 сургуульд 564 мянган хүүхэд багачууд, 200 шахам их, дээд сургууль болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 170 гаруй мянган оюутан тус тус суралцах юм байна. Сургуулийн босгыг анх удаа алхаж байгаа 53.8 мянган сурагч байна. Мөн бүх шатны сургууль, цэцэрлэгт нийтдээ 30 шахам мянган багш сурган хүмүүжүүлэгчид ажиллах ажээ.
Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд нар мэндчилгээ дэвшүүлж энэ хичээлийн жилийн онцлогийг дор бүрнээ тэмдэглэсэн байна. Олон улсын стандартад нийцсэн, боловсролын салбарын хөгжлийг эрчимжүүлсэн жишиг сургууль байгуулах санаачилгыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр гаргасан бөгөөд түүний энэ санаачилгыг Засгийн газар болон боловсролд анхаардаг байгууллага, хувийн хэвшлийнхэн дэмжиж, бодитой ажил, хэрэг болгоно гэдэгт найдаж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ өдөр Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлж, "Монголын нууц товчоо"-гоо уншиж, судалж байхаар зарлигджээ. Тэрбээр үүнийгээ "Эх оронч хүмүүжил олгох, боловсролыг дээдлэх, өвөг дээдсийнхээ баатарлаг үйлсээр бахархахад сэтгэлийн эрч хүч нэмнэ" хэмээн найдаж байгаа аж.
Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж, улмаар 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангах нь энэ хичээлийн жилийн гол онцлог хэмээн Ерөнхий сайд М.Энхболд үзэж байна. Засгийн газар "Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г баталж, ойрын 10 жилийн хугацаанд боловсролын талаар баримтлах стратеги зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг тодорхойлсон бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн уг төлөвлөгөөг сайтар судлах, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг боловсролын бүх шатны байгууллагууд эхлэх ёстой хэмээн тэрбээр онцолжээ. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 36-38 долоо хоног байсныг багасган 34-35 долоо хоног болгожээ.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшингийн үзэж байгаагаар үндэсний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй байдал нь улс орны эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй бүрэн нийцэхгүй байгаа нь шийдвэрлэвэл зохих нэн тулгамдсан асуудал ажээ. Түүний хийсэн мэдээллээс үзвэл Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны хэрэгцээний 60-70 хувийг мэргэжилтэй ажилчны захилга эзэлдэг атал 2004 оны байдлаар энэ зах зээлийн дөнгөж 28,6 хувийг дүүргэж чаджээ. Тэрчлэн манай улсын эдийн засгийн бүтцийн 23,3 хувийг хөдөө аж ахуй, 50,1 хувийг үйлчилгээ, 26,6 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байхад мэргэжлийн сургууль төгсөгчдийн 59 хувь нь эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн мэргэжлээр төгсч, ердөө гурван хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамрагдаж байгаа аж.