Орон сууцны санхүүжилтийн корпораци байгуулагдлаа (2006.09.05)
Монголбанк болон Монголын арилжааны томоохон есөн банк хамтран Орон сууцны санхүүжилтийн корпораци байгуулахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү корпорацийг байгуулахад АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүждэг “Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар” төсөл (ЭЗБШӨЧТ) дэмжлэг үзүүлж байгаа аж. Тус корпорацийг үүсгэж байгуулах тухай гэрээнд банкны захирлууд өчигдөр гарын үсэг зуржээ.
Арилжааны банкуудад эдүгээ хоёр тэрбум гаруй ам.доллар эргэлдэж буй нь манай улсын төсвөөс хоёр дахин их мөнгө. Yүний нэг тэрбум доллар нь Монголын эдийн засагт зээл болж, үлдсэн нь сул хадгалагдаж буй аж. Сул байгаа нэг тэрбум орчим долларын 100-200 саяыг нь орон сууцны санхүүжилтэд зориулахаар төлөвлөсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат мэдэгдсэн байна. Ингэснээр иргэд урт хугацаатай, бага хүүтэй орон сууцны зээл авах боломжтой болох ажээ. Ноён О.Чулуунбатын ярьснаас үзвэл эхний үед орон сууцны зээлийг 10-15 жилийн хугацаатай олгох юм байна. Харин уг салбар дахь мөнгө нэмэгдэх тусам зээл урт хугацаатай, хүү багатай болно гэж банкны захирлууд үзэж байна. Орон сууцны санхүүжилтийн корпорац нь эхний шатанд ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрхзүй, зохицуулалтын болон бүтэц, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газарт зөвлөгөө өгч хамтран ажиллах бөгөөд гэр хорооллынхонд богино хугацаатай, үе шаттай зээл олгох, бодлого, баримт бичгийг стандартчилах зэрэг ажил явуулах юм байна.
Монголд жилдээ 100 гаруй сая ам.долларын орон сууцны барилга баригдаж байгаа гэдэг тооцоог үзвэл уг корпораци байгуулагдсанаар үүнээс даруй нэг дахин их хөрөнгө орон сууцны салбарт орж ирнэ хэмээн тооцоолж байгаа ажээ.
Орон сууцны санхүүгийн корпорацийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхойлохоор "Хас", "Голомт", "Зоос", "Худалдаа Хөгжлийн Банк", "ХААН" банкны төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан аж. Харин Монголбанкны хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж хуульзүйн болон бусад туслалцаа дэмжлэг үзүүлэхээс гадна цөөн хувийн хувьцаа эзэмшигчээр оролцох төлөвлөгөөтэй байна гэж ноён О.Чулуунбат ярьжээ.