Айвенхоу Майнзын гэрээг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдав (2006.09.08)
Mineweb.com сайтад Дороти Косичийн мэдээлснээр (Рено, Невада) Монгол Улсын Засгийн Газар Айвенхоу Майнзтай албан ёсны гэрээ байгуулах талаар хэлэлцэх ажлын хэсгийг байгуулжээ. Энэ мэдээнд дурдахдаа: "Уг гэрээгээр энэ оронд хэрэгжүүлэх алт, зэсний Оюу Толгой төслийн хүрээнд татвар, санхүүгийн болон хууль, эрхийн орчинг 30 жилийн хугацаатай тогтоож өгөх юм. Энэ Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ Айвенхоу Майнзын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал Жон Макен “татварын болон эрдэс баялагийн хуульд саяхан оруулсан өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх асуудлыг сэргээх замыг засч өгөв” гэжээ. 10 гишүүнээс бүрдэх ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлтгэж, Монгол Улсын Засгийн газарт өргөн барих аж. Ажлын хэсэгт Сангийн Яам, Худалдаа, Үйлдвэрийн Яам, Байгаль, Орчны Яам, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны төлөөлөгчид орсон ажээ.
Оюу Толгойн алт, зэсний орд газар нь Монголын Өмнөговь аймагт байдаг бөгөөд 40 жилийн нөөцтэй, жилд нэг тэрбум фунт зэс, 330 мянган унц алт олборлох аж.
Хэлэлцээрээр өнгөрсөн тавдугаар сард баталсан Монголын уул уурхайн бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. Хуульд зааснаар алтны үнэ 500 америк доллараас давах, нэг тонн зэсний үнэ 2600 америк доллар давах нөхцөлд олох ашгийн 2/3-т татвар ногдуулахаар байгаа ч хуулийг уул уурхайн хэлцэл, хэлэлцээр, хөрөнгө оруулалтын гэрээ бүрийн тухайд жичид нь хэлэлцэж байж хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
Алт, зэсний олборлолтоос авах хураамжийг таван хувь болгон хоёр дахин өсгөсөн бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар орлогын 2.6 сая америк доллараас давсан хэсэгт 30 хувь байсныг 25 хувь болгон бууруулжээ. Монгол мөн гадаадынхныг татвараас чөлөөлж байснаа больж, газрын элэгдэл, хорогдлын хураамж ногдуулжээ. Айвенхоу Майнзын төлөөлөгчийн өнгөрсөн Лхагва гаригт Mineweb-д хэлснээс үзвэл Засгийн газартай хийх хэлэлцээрээр Оюу Толгойн татварын бүтэц тогтворжино хэмээн найдаж буй аж.
Монголын Засгийн газар эх орондоо уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой байгаа нь Айвенхоу Майнз, ажлын хэсгийн хооронд болох хэлцлийн өөр нэг хэлэлцэх асуудал болох төлөвтэй байна. Хөгжиж буй орнуудын засгийн газрууд уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулахад улам их сонирхол үзүүлэх болсон нь ийм үйлдвэр ажлын байр бий болгож, байгалийн эрдэс баялгийг олборлож дууссан нөхцөлд ч урт хугацаанд татварын орлого өгдөгтэй холбоотой.
Айвенхоугийн хэлцлийн үйл явц Монголын Засгийн газар юмуу ирээдүйд бий болох уул уурхайн улсын компани Оюу Толгой төслийн хувьцааны 34 хүртэл хувийг эзэмших, эсэх тухайд мөн хариу өгөх болно. Одоогоор Айвенхоу төслийг 100 хувь эзэмшиж буй" гэжээ.