Монголд хөрөнгө оруулагчид чуулна (2006.09.12)
Энэ долоо хоногийн сүүл буюу есдүгээр сарын 14-15-нд Монголд хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалт Улаанбаатарт болно. Чуулга уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс 40 гаруй төслийг боловсруулж гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгосон гэж Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дарга Б.Ганзориг мэдэгдсэн байна. Засгийн газраас дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй чуулганы гол онцлог нь нэгд, гадаадын 300 гаруй томоохон бизнесмэн, үндэстэн дамнасан корпорациуд оролцох, хоёрт, хөрөнгө оруулагчдад төслөө урьдчилан хүргүүлсэн явдал хэмээн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дарга Б.Ганзориг хэлжээ.
Тухайлбал, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүс, хөдөө аж ахуй, олон улсын нисэх онгоцны хотхон байгуулах, аялал жуулчлал, Э-Монгол зэрэг чиглэлийн төслүүдийг урьдчилан хүргүүлсэн байна. Үүнд худалдааны чөлөөт бүсүүд хөгжүүлэх дөрөв, саалийн үнээний орчин үеийн ферм байгуулах найм, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, Баянтэс, Онон, Эгийн голд усан цахилгаан станц байгуулах, Чойрт салхин станцтай болох зэрэг төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах юм байна. Тэрчлэн нийслэл болон хот суурин газрын хүн амын амьжиргаа, ахуйг сайжруулах, цэвэр усны хангамжийг шийдвэрлэж 40 мянган айл орон сууцны хөтөлбөрийг ажил хэрэг болгоход гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэг хэрэгтэй байна.
Одоогоор энэ арга хэмжээнд оролцохоор гадаад, дотоодын нийтдээ 43 орны 738 төлөөлөгч бүртгүүлээд байгаагийн 142 нь гадаадын улс орнуудын томоохон хөрөнгө оруулагчид байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монголд гадаадын 5000 гаруй компани үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна. 2007 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжиж байгаа татварын хуулиар гадаадын компаниудын 100 орчим нь орлогын болон гаалийн татварын хөнгөлөлт, 70 орчим нь гааль, нэмүү өртөгийн албан татварын хөнгөлөлт эдэлдэг байна. 2006 онд батлагдсан татварын шинэ хуулиар гадаадын хөренгө оруулалттай аж ахуйн нэгж гурван тэрбум төгрөгөөс илүү хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх болжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 1.5 тэрбум төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.