Гэнэтийн ашгийн татварын хуулийг эргэн харахыг үгүйсгэсэнгүй (2006.09.14)
Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид алт, зэсэнд гэнэтийн ашгийн татвар ногдуулах болсныг өөрчлөх эсэхийг ихээхэн сонирхож байна. “Дисковер Монголиа 2006” чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хуралдаанд хууль тогтоогчдыг төлөөлж УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн, Ардчилсан намын Зөвлөлийн дарга Л.Гансүх нар мэдээлэл хийх үеэрээ гэнэтийн ашгийн татварын хуулийг парламент эргэн харахыг үгүйсгээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс ийм санал их тавьдаг. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж буй учраас үүнийг хайхрахгүй байж болохгүй гэж УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн мэдэгджээ. Тэрбээр энэ хууль удаан хугацаагаар үйлчилнэ гэж бодохгүй байна гэж ярьсан талаар “Өнөөдөр” сонинд /¹216/ мэдээлжээ. Харин энэ талаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд ярихдаа гэнэтийн ашгийн 68 хувийн албан татварын тухай хууль нь Ашигт малтмалын тухай түрүүчийн хууль үйлчилж байх үед гарсан. Одоо шинэ хууль хэрэгжиж эхэлснээр ашигт малтмалын талаарх эрхзүйн орчин өөрчлөгдсөн. Тийм учраас гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг шинэ орчинд зохицуулах шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар бид ил тод, нээлттэй санал солилцож буй бөгөөд уг хуульд тал талын ашиг сонирхлыг тусгахыг эрмэлзэж байна гэжээ.
Хөрөнгө оруулагчид тэрчлэн хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг эзэмшихэд төрийн оролцоо ямар байх талаар УИХ дахь намуудын төлөөллөөс мөн тодруулсан байна. Төр 34 хүртэл хувийн оролцоотой байхаар хуудьчилсан нь жилд гаргаж буй бүтээгдэхүүн нь ДНБ-ий таван хувьтай тэнцэх, өөрөөр хэлбэл томоохон ордыг ашиглах тухайд хамаарах асуудал гэж Д.Идэвхтэн, Л.Гансүх нар тайлбарлажээ. Тэдний хийсэн мэдэгдлээс үзвэл оруулсан хөрөнгийн хэмжээ төрийн оролцоо хоёр уялдаатай байх төдийгүй төр ямагт цөөнх байх юм байна.
Монголбанкны Ерөнхийлөгч хөрөнгө оруулагчдын уулзалт дээр хийсэн мэдээллээс үзэхэд алт олборлогчдын тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулбал 50 хувиар буурсан нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой ажээ.
“Дисковер Монголиа 2006” чуулга уулзалт ийнхүү хоёр өдөр хуралдаад өчигдөр өндөрлөжээ. Уул, уурхайн үндэсний ассоциацийн мэдээлснээр энэ уулзалтад 13 орны 170 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцсон бөгөөд өмнөх уулзалтуудтай харьцуулбал гадаадын хөрөнгө оруулагчдын тоо энэ удаа нэмэгдээгүй аж. Харин дотоодын төлөөлөгчид нэлээд нэмэгдсэн байна.