80 орчим төслийг хөрөнгө оруулагчдад санал болгожээ (2006.09.18)
“Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2006” өнгөрсөн долоо хоногийн сүүлээр боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус чуулга уулзалт Монголын банк санхүүгийн болон аялал жуулчлал, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудлыг түлхүү хөнджээ. Өдөр тутмын хэвлэлийн мэдээллээс үзвэл хөрөнгө оруулагчид банк, санхүү, татвар, гадаадын хөрөнгө оруулалт, даатгалын орчны талаар холбогдох албаны хүмүүсээс ихэвчлэн мэдээлэл авч байсан бол бусад салбарын хувьд тодорхой төсөл дээр тогтож ярилцсан ажээ. “Өнөөдөр” сонинд мэдээлснээр Монголын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах шаардлагатай байгааг манай мэргэжилтнүүд ярьсан. Энэ тал дээр Merril Lynch групп, ING банкны төлөөлөгчид тусалж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн нь чуулга уулзалтын нэг том амжилт боллоо гэж Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн удирдлагууд үзжээ.
Аялал жуулчлалын салбар хуралдаанд гадаадын 30-аад зочид оролцож, таван том төслийг танилцуулсан байна. Тухайлбал, нь Бельги, АНУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Морин нуур” төслийн талаар мэдээлэл хийлээ. Энэ төсөл нь жилдээ 300 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, аялал жуулчлалын цогцолбор барих аж. Айдасын давааны зүүн талд босох энэ цогцолборын хүрээнд таван одтой хоёр зочид буудал барих бөгөөд эхний ээлжинд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай аж. Өвөл, зунгүй ажиллах энэ цогцолборыг хоёр жилийн дараа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажээ. Энэхүү төслийн менежментийг Merrill Lynch групп хийхээр болсон. Мөн Монголд анхны томоохон хэмжээний цанын бааз байгуулах төслийг танилцуулжээ. Улаанбаатараас 13 км-ын зайд Гачуурт тосгоны орчимд жилдээ 45 мянган хүнд үйлчлэх чадалтай цанын бааз барихад 3,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа аж. Аялал жуулчлалын боловсон хүчин бэлтгэх асуудлыг хуралдаанд оролцогчид голлон ярилцаж, хөрөнгө оруулагчид боловсон хүчнийг бэлтгэхэд хамтарч ажиллахаа илэрхийлсэн нь чуулга уулзалтын бас нэг үр дүн болсон гэж тус сонинд бичжээ.
Эрчим хүчний чиглэлээр Засгийн газар Эгийн гол болон Чаргайтын усан цахилгаан станц, Улаанбаатар-Мандалговь-Оюу толгой-Таван толгойн чиглэлд эрчим хүч шилжүүлэх 220 км хоолойн холболтын төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд барих салхин станцын талаар төлөөлөгчид тодорхой мэдээлэл өгчээ. Эрчим хүчний салбар хуралдаанд оролцогчид сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин хэрхэн бүрдсэн, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах боломжийн талаар ихээхэн сонирхож байжээ.
Засгийн газар 40, хувийн хэвшлийн зүгээс 40, нийтдээ 80 орчим төслийг хөрөнгө оруулагчдад санал болгож хүргүүлсэн бөгөөд Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар тодорхой мэдээллүүдийг энэ чуулга уулзалтаар өгсөн байна. Хөрөнгө оруулагчид “Говь”, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг компани, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байгаа.