Эдийн засгийн эрх чөлөө өсөлтийг урамшуулж байхад гадаадын зээл тусламж хөгжиж буй орнуудыг хойш татаж байна (2006.09.22)

A- A A+
Эдийн засгийн эрх чөлөө өсөлтийг урамшуулж байхад гадаадын зээл тусламж хөгжиж буй орнуудыг хойш татаж байна (2006.09.22)

Эдийн засгийн эрх чөлөө өсөлтийг урамшуулж байхад гадаадын зээл тусламж хөгжиж буй орнуудыг хойш татаж байна (2006.09.22)

Канадын Фрейзер институтээс эрхлэн гаргасан Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө: 2006 жилийн тайлан-гаас үзэхэд эдийн засгийн эрх чөлөө ядуу буурай орнуудын ард түмнийг ядуурлаас гарахад нь туслах зорилгоор олгож буй гадаадын зээл тусламжаас ч илүү үр нөлөөтэй байдаг байна. Энэ жилийн тайланд нийтлэгдсэн Нью Йоркийн Их сургуулийн эдийн засагч Уиллиам Ийстерлигийн шинэ судалгаанд хамгийн ядуу буурай улс орнуудын эдийн засгийн өсөлтөд эдийн засгийн эрх чөлөө ба гадаадын зээл тусламжийн үзүүлж буй үр нөлөөг харьцуулан судалсан байна.

“Гадаадын зээл тусламж түүнийг хүлээн авагч улс оронд үр өгөөжөө өгдөг гэсэн ямар нэг туршилтаар тогтоосон нотолгоо байхгүй, мөн ядуурлыг бууруулахад олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дэмжлэг үзүүлж болох илүү сайн аргууд байгаа эсэх тухай асуугаагүй тохиолдолд л голдуу гадаадын зээл тусламжийн эрэлт хэрэгцээ үүсдэг” гэж уг тайланг хамтран зохиогч Флоридагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн ухааны профессор Жеймс Гуартний хэлсэн байна. “Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний тайлангийн энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн судалгаанд эдийн засгийн эрх чөлөө нь гадаадын зээл тусламжийг бодвол өсөлтөд илүү хүчтэй эерэг нөлөө үзүүлдэг илүү сайн арга гэж үзэж байна.”
Ийстерли судалгаандаа хамгийн ядуу буурай улс орнуудын эдийн засгийн өсөлтөд гадаадын зээл тусламж ямар ч эерэг нөлөө үзүүлдэггүй болохыг харуулж байна. Харин эдийн засгийн эрх чөлөө нь ерөнхийдөө улс үндэстнүүдийн хөгжил цэцэглэлтэд төдийгүй тэднийг ядуурлаас гарахад туслах тал дээр хүчтэй  эерэг нөлөө үзүүлдэг болохыг түүний судалгаа харуулж байна.

Нэгэнт ядуу буурай орнууд эдийн засгийн эрх чөлөөг анхааралдаа авсан тохиолдолд ядуурлын мөнхийн эргүүлэгт автагдахаас хол байж, баян орнуудаас ч илүү хурдан өсч хөгждөг байна.
“Эдийн засгийн эрх чөлөөнөөс бий болдог ололт амжилтын нэг гол бүрэлдэхүүн хэсэг бол эдийн засгийн хувьд амжилт олохуйц үйлдвэрлэлийн чиглэлийг олж, түүнийгээ туршин хөгжүүлэх, амжилт олохгүй байгаа чиглэлүүдээ хумих замаар хамгийн их үр бүтээлтэй салбарт шилжих чадвар мөн” гэж Фрэзерийн Институтийн худалдаа, даяарчлал судлал хариуцсан захирал Фред МакМэхон хэлжээ.

МОНГОЛ УЛСЫН ЗЭРЭГЛЭЛ
Уг индексийн энэ удаагийн дугаарт Монгол улс нийт авч болох 10 онооноос 6.2 оноо авч 74 дүгээр байрт орсон байна. Монгол улсын хувьд анх удаагаа уг индексийн зэрэглэлд орж байгаа юм.
Эдийн засгийн эрх чөлөөний гол бүрэлдэхүүн хэсгүүдэд Монгол улсын авсан оноог харуулбал:

  • Төр засгийн хэмжээ: 6.5
  • Эрх зүйт төр: 2.2
  • Эрүүл мөнгө:  8.8
  • Худалдааны эрх чөлөө: 7.1
  • Зохицуулалт: 6.3

Олон улсын зэрэглэлүүд
Энэ жилийн индексэд Хонг конг 10 онооноос 8.7 оноо авч эдийн засгийн эрх чөлөөний хамгийн өндөр зэрэглэлээ хэвээр хадгалсан бол Сингапур улс 8.5 оноотойгоор ойрхон дагаж байна. Адилхан 8.2 оноотой Шинэ Зеланд, Швейцарь, АНУ зэрэг улсууд гуравдугаар байрыг хуваан эзэлжээ.
Их Британи, Ирланд хоёр ч бас ижил оноотойгоор 6 дугаар байрыг хуваан эзэлсэн бол Канад улс 8.0 оноо авч 8 дугаар байрт оржээ. Харин Исланд, Люксембург улсууд 9 дүгээр байрыг хуваан эзэлсэн байна.

 Бусад томоохон эдийн засагтай орнуудын зэрэглэлийг авч үзвэл Герман 17-р, Япон 19-р, Франц 24-р, Итали 45-р, Мексик 60-р, Энэтхэг 53-р, Хятад 95-р, Бразил 88-р,  Орос 102-р байрыг тус тус эзэлсэн байна.
1985 оноос хойш эдийн засгийн эрх чөлөөгөөр бодитой амжилт гаргасан улсуудын тоонд Унгар, Исланд, Эль Сальвадор, Замби, Польш, Болив, Израиль, Гана, Уганда, Деру, Никерагуа улсууд орж байна. Гэхдээ эдгээр орнуудын зарим нь маш доогуур түвшнээс эхэлсэн эсвэл энэ хугацаанд дээш, доош хэлбэлзэлтэй гарч байсан байна. 1985 оноос хойш эдийн засгийн эрх чөлөөгөөр ихээхэн уналтад орсон орнуудын тоонд Мянмар, Венесуэл, Зимбабве улсууд орж байна.
Хамгийн доогуур зэрэглэлд бичигдсэн орнуудын ихэнх нь Африк, Латин Америкийн эсвэл хуучин коммунист орнууд байна. Ботсвани улс 35 дугаар байрт бичигдсэн нь Сахар орчмын Африкийн улсууд дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм. Латин Америкийн орнуудаас 20 дугаар байр орсон Чили улс хамгийн сайн амжилт үзүүлжээ.
Зэрэглэлийн хамгийн сүүлд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Руанда, Бурунди, Алжир, Гвиней Биссау, Венесуэл, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мянмар, Зимбабве улсууд бичигджээ. Харин тоон мэдээлэл байхгүй Хойд Солонгос, Куба зэрэг бусад хэд хэдэн орны хувьд түүнээс ч дор эдийн засгийн эрх чөлөөтэй байж болох юм.

Эдийн засгийн эрх чөлөө нэмэгдсээр байна
Уг тайланд олж тогтоосноор сүүлийн хорин таван жилд дэлхийн хэмжээгээр эдийн засгийн эрх чөлөөний түвшин нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь хүмүүсийн хувьд, ялангуяа ядуу буурай орны хамгийн ядуу хэсгийнхний хувьд сайхан мэдээ юм.
Энд гол олж мэдсэн зүйлсийн дотор:

  • Эдийн засгийн эрх чөлөөний индексийн эхний хэсэгт (дөрөвний нэгд) орсон улсуудын нэг хүнд ноогдох ДНБ-ний дундаж 24,402 ам. доллар байхад сүүлийн дөрөвний нэг хэсэгт орсон улсуудынх 2,998 ам. доллар байлаа.
  • Эхний хэсгийнхний нэг хүнд ноогдох эдийн засгийн өсөлт дунджаар 2.1 хувь байсан бол ёүүлийн буюу доод хэсгийнхэний өсөлтийн дундаж хасах 0.2 хувь байв.
  • Дээд хэсгийн улсуудын хүн амын хамгийн ядуу 10 хувийн дундаж орлого 6,519 ам.доллар байгаатай харьцуулахад доод хэсгийнхэний энэ орлого дөнгөж 826  ам. доллар байна.
  • Дээд хэсэгт ажилгүйдэл дунджаар 5.9 хувь байхад доод хэсэгт ажилгүйдлийн дундаж 12.7 хувь байна.
  • Доод хэсгийнхний дундаж наслалт 55.0-той харьцуулахад дээд хэсгийнхэн 77.8 жилийн дундаж наслалттай банйа.
  • Дээд хэсэгт орсон орнуудын нийт хүүхдүүдийн дөнгөж 0.3 хувь нь хөдөлмөр эрхлэж байхад эдийн засгийн хувьд хамгийн эрх чөлөөгүй орнуудын хүүхдүүдийн 19.3 хувь нь хөдөлмөр эрхлэж байна.
  • Улс төрийн эрхийн хувьд хамгийн дээд талын эрх чөлөөг 1, хамгийн бага эрх чөлөөг 7 оноогоор тэмдэглэж 1-ээс 7 хүртэл оноогоор дүгнэхэд эдийн засгийн эрх чөлөөний дээд хэсгийн орнууд дунджаар 1.8 оноо авч байна. Харин доод хэсгийн улс орнууд дунджаар 4.6 оноо авсан байна.  

Эдийн засгийн эрх чөлөөний индексийн тухай

Дэлхийн Эдийн засгийн Эрх Чөлөөний Индекс нь улс орнуудын бодлого, институтүүд эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж байгаа тэр түвшнийг хэмждэг.
Эдийн засгийн эрх чөлөөний гол тулгуурууд бол хувийн сонголт, сайн дурын солилцоо, өрсөлдөх эрх чөлөө, хувийн эзэмшлийн өмч хөрөнгийн аюулгүй байдал дөрөв юм.
Энэхүү тайлан нь Дэлхийн Эдийн Засгийн Эрх Чөлөө номын 10 дахь дугаар юм.  Энэ жилийн дугаарт хамгийн сүүлийн үеийн буюу 2004 оны тоон мэдээлэлд тулгуурлан 130 улс орны зэрэглэлийг тогтоожээ. Мөн тоон мэдээлэлд нь засвар өөрчлөлт орсон өмнөх тайлангуудын үзүүлэлтийг энэхүү тайланд шинэчилсэн байна.
Нийт индексийг тооцон гаргахад болон (1) төр засгийн хэмжээ; (2) эрх зүйн бүтэц, өмчийн эрхийн хамгаалалт; (3) эрүүл мөнгө хүртэх боломж; (4) олон улсын солилцоо; and (5) зохицуулалт гэсэн таван чиглэлээр эдийн засгийн эрх чөлөөний түвшинг хэмжихэд гучин найман үндсэн ба дэд бүрэлдэхүүн хэсгийг ашигладаг байна.
Энэхүү жилийн тайланг 70 гаруй улсын сургалт, судалгааны институтүүдийг нэгтгэсэн бүлэг болох Эдийн Засгийн Эрх Чөлөөний Сүлжээ /Economic Freedom Network/-тэй хамтран гаргажээ.
 
ХАРИЛЦАХ ХАЯГ: Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж 5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-210648
Монгол
утас: +976-11-313207
факс: +976-11-324857
www.forum.mn

Эдийн Засгийн Эрх Чөлөөний Сүлжээ, тоон үзүүлэлтийн багцууд, өмнөх Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний тайлангуудын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.freetheworld.com хаягаар хандана уу.