Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлов (2006.10.11)

A- A A+
Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлов (2006.10.11)

Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлов (2006.10.11)

Монголын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулсан техникийн хоёр дахь удаагийн уулзалт Улаанбаатарт хоёр өдөр хуралдаж өчигдөр өндөрлөжээ. Техникийн зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааг Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болон эдийн засгийн бодит хэрэгцээнд нягт уялдуулан ажиллахаар тогтсон хэмээн өчигдөр болсон хэвлэлийн бага  хурал дээр талууд онцлон тэмдэглэсэн  байна. Хөгжлийн тэргүүлэх чиглэлд  дэд бүтэц, боловсрол, байгаль орчны салбарыг тодорхойлжээ. Энэ удаагийн уулзалтаар хандивлагч олон улсын байгууллагууд Монголд 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон аж.

Хандивлагчид улс орны эдийн засгийн байдлыг сайжруулахад хүчтэй хувийн хэвшилтэй байх хэрэгтэйг онцолж, төрийн хүнд суртал, авилгал нь олон сөрөг үр дагавар дагуулж байгааг сануулсан байна. Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Давид Долларын хэлснээс үзвэл "1990 оноос хойш Монгол Улс зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурийг тавих олон алхамыг хийсэн нь шинэчлэлийн эхний үе байжээ. Одоо Монголд шинэчлэлийн хоёр дахь үе эхэлж байна хэмээн тэрбээр үзэж байна. Энэ шатанд  эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийн институтуудыг бэхжүүлэх, нээлттэй болон хариуцлагатай байдлыг өндөржүүлэх шаардлагатай хэмээн тэрбээр мэдэгджээ. 

Техникийн уулзалтанд оролцогчид боловсролын салбарт үлэмж хэмжээний ахиц, амжилт гарсан хэдий ч сургуулиас завсардах явдал өндөр, сургууль төгсөгчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэхгүй байгааг анхааруулж,  ерөнхий боловсролын сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжихэд шаардагдах чадавхийг бүрдүүлэхийг түлхүү тэмдэглэсэн байна.

Монголын ард түмэн, ялангуяа ядуу иргэдийн амьжиргаа нь байгаль орчноос ихээхэн хамааралтай болохыг хандивлагчдын зүгээс онцлон тэмдэглэж, эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад байгаль орчны сайн менежмент чухал ач холбогдолтой байгааг сануулсан байна.  Байгаль орчноос хөгжлийн гол салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайд үзүүлж байгаа хувь нэмэр нь үлэмж их боловч төрөөс байгаль орчны салбарт зарцуулж байгаа зардлын нийт хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 0.5 хувьтай тэнцэж байгааг хангалтгүй хэмээн үзсэн байна. Монголын байгаль орчноос нийт эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг тоон дүнгээр тодорхойлж гаргах шаардлагатай байгааг онцолжээ.

Монголын Засгийн газар 2007 оны хоёрдугаар сард бүрэн боловсруулж дуусах дэд бүтцийн хөгжлийн стратеги болон энэ салбарт тулгарч байгаа асуудлын талаар мэдээлэл хийжээ. Өнөөгийн байдлаар салбарын хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэж байгаа нь дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн амжилт гарахад нөлөөлсөн гэж үзжээ. Засгийн газар хөрөнгө оруулалтын хэмжээг 15 хувь болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна, тэгэхдээ энэ нь тус салбарт зайлшгүй хийгдэх дараагийн шинэчлэлүүд буюу хувьчлал болон хувийн секторын оролцоог нэмэгдүүлж байж биелэгдэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Энэ удаагийн техникийн уулзалтад нийт 35 орны 72 төлөөлөгчид, Монголын Засгийн газар, холбогдох яамдууд, хэрэгжүүлэх агентлагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөгч 200 гаруй хүмүүс оролцжээ. Дараагийн техникийн уулзалтыг 2007 оны гуравдугаар сард хийхээр төлөвлөсөн байна.