Аудиторуудад зарим онцгой эрх олгох эсэхийг парламент шийднэ (2006.10.12)
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурлаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарын өргөн мэдүүлсэн Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон байна. Энэ хуулийн төслөөр Аудитын байгууллага тухайн газарт шалгалт хийх явцад авилга, залилангийн шинжтэй зөрчил илэрвэл асуудлыг газар дээр нь шийдвэрлэх үүднээс тус байгууллагын бүтцэд тусгай нэгж байгуулах, аудиторууд шаардлагатай гэж үзвэл банкин дахь харилцах дансыг шалгах бүрэн эрхтэй байхаар тусгасан аж. УИХ-ын гишүүд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг хууль, шүүхийн байгууллагууд байсаар байтал аудиторуудад ийм онцгой эрх өгөх эсэхэд нэлээд эргэлзэж байгаа аж. Энэ асуудал чуулганы хуралдаан дээр нэлээд нухацтай яригдах бололтой.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Эрдэнэсүрэн, С.Ламбаа нарын санаачилсан Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оруулахаар болжээ. Энэ хуулийн төсөлд зааснаар бол боловсрол, соёл, шинжлэх ухааны тав хүртэл байгууллагыг Ерөнхийлөгчийн ивээлд авч, тэдгээрийг гадны тусламж, дотоодын хандивыг татвараас чөлөөлөх аж. Байнгын хорооны гишүүд энэ төслийг зарчмын хувьд дэмжсэн ч хэлэлцүүлгийн явцад өөрчлөн найруулах нь зөв гэж тогтсон байна.
Мөн одоогоор хуулиар хориглосон байгаа өнгөт металиар үйлдвэрлэсэн хаягдал бүтээгдэхүүнийг нэг удаа экспортод гаргах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн өдөр УИХ ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхээр тогтсон байна. Хуулийн төслийг санаачлагчид засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн хүрээнд хийх боломжтой гэж үзэж байгаа бол зарим гишүүн Үндсэн хуулин дахь засаг захиргааны нэгжид холбогдох заалтыг өөрчлөх нь зүйтэй гэсэн санал гаргасан хэмээн “АЭ” сонинд мэдээлжээ. Ийнхүү өчигдрийн байдлаар дээрх дөрвөн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.