Хятадын нөлөө АНУ-ынхтай эн тэнцүү болно
Гай Динморе
Өнгөрсөн лхагва гаригт нийтлэгдсэн олон улсын санал, асуулгын дүнгээс үзэхэд хятадууд өөрийн улсыг дэлхий дахинаа нөлөөлөхийн хувьд ирэх 10 жилд АНУ-тай эн тэнцүү хэмжээнд хүрнэ гэж үзэж байхад америкчуудын ихэнх, хятад, энэтхэгчүүд Америкийг дэлхийн хосгүй хэт их гүрний статусаа ирэх хагас зуун жилд алдах болно гэж үзэж байгаа аж. Чикагогийн Дэлхийн Хэрэг Явдлын Зөвлөлөөс Азийн Нийгэмлэгтэй хамтран явуулсан уг судалгаа америкчууд “гуйвшгүй интернационалист” хэвээр үлдэж, Иракийн дайн урмыг нь ихэд хугалсны дээр аюулгүй байдалд нь заналхийлж буй өнөөгийн нөхцөлд ч протекционизм, салан тусгаарлах байдалд шилжих бодолгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Австрали болон АНУ-д өнгөрсөн 6,7-р сард явуулсан санал, асуулгын нэгэн тун сонирхолтой үр дүн нь хятад, энэтхэгчүүдийн дунд өөрийн орны ирээдүйн хувь заяанд итгэл төгс байдал давамгайлж буй явдал аж. Шинжээчид уг судалгааг тун цогц судалгаа болсон гэж дүгнээд дэлхийн хэмжээнд түүхэн ач холбогдод бүхий хөгжлийн өнөөгийн нэгэн хандлагыг гарган тавьсан гэж үзэж байна. Хэдийгээр ялангуяа АНУ-д үл итгэх байдал бий болж, Хятадын эдийн засгийн хийгээд цэргийн сүр хүч ихэд өсч байгаа зэргээс болж үндэстэн хоорондын үл итгэлцэл газар авч буй нь илт мэдрэгдэж байгаа хэдий ч АНУ-ын цэрэг, эдийн засгийн хүч, нөлөө Азид суларч буй явдал сөрөг үр дагавартай байх болно гэсэн ойлголт мөн давамгайлж байна. Гэсэн хэдий ч хятадуудын 35 хувь, энэтхэгчүүдийн 39 хувь нь АНУ дэлхийн хэрэг явдалд хариуцлагатай хандана гэдэгт итгэлтэй байгаа аж.
Энэтхэг, Хятадад хүмүүсийн дийлэнх олонхи нь Азид эрчим хүчний эх сурвалжаас болж зөрчилдөөн гарах магадлалтай гэж үзэж байна. Тэд улс, орнууд эрчим хүчний хангамжаа баталгаажуулахын тулд дайнд оролцох эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд ийм үзэл баримтлалууд Хятадын дээд удирдлагын гадаад бодлогод хятадуудын ажлын байрыг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг улам түргэтгэх, эрчим хүчний хангамжаа баталгаажуулах гол гурван чиглэлд тусгалаа олсон байна. Терроризмтай тэмцэх бодлого дөрөвдүгээрт тавигджээ.
Ашиг сонирхолд нь ноцтой заналхийлж буй аюулын талаар хятадууд эхлээд дархлалын олдмол хомсдолыг нэрлэж, дараагаар нь шувууны томуу, эрчим хүчний хамгамж тасалдсанаас гарах бусад халдварт өвчин, мөн даяар дулааршилтыг нэрлэсэн байна. Солонгосын хойг дахь тогтворгүй байдал, зөрчилдөөний асуудал есдүгээрт нэрлэгджээ.
Ажлын байрыг хамгаалах явдлыг америкчууд ч мөн гадаад бодлогын хамгийн чухал асуудал гэж нэрлэжээ. Америкчуудын хувьд дараагийн чухал асуудлууд нь цөмийн зэвсгийн тархалтаас сэргийлэх, терроризмтай хийх тэмцэл аж. Ардчиллыг дэлхийд түгээх асуудал хамгийн сүүлд буюу 14-рт орсон байна.
Судалгаанд оролцсон орнууд бүгд даяар дулааршил, түүнийг зогсоох талаар шийдвэртэй алхам хийхийн чухлыг мэдэгдсэнээс үзвэл энэ талаар дэлхий нийтээр ихэд сэтгэл зовниж байдгийг илэрхийлж байна.
Хятадууд өөрийн орныг дэлхийн хэрэг явдалд нөлөөлөх талаар ойрын 10-н жилийн дотор АНУ-ыг гүйцэж очно гэж үзэж байна. Судлаачдын итгэл төгс бөгөөд өөдрөг үзэлтэй гэсэн тодорхойлолт авсан энэтхэгчүүд дэлхийн хэрэг явдалд нөлөөлөх талаар одоогоор өөрсдийгөө АНУ-ын дараа буюу хоёрдугаар байранд яваа гэж үзжээ.
Америкчуудын 55 хувь нь АНУ-ын даяар сүр хүч ойрын 50 жилд бусдад гүйцэгдэж, хүчний хуваарилалт тэнцвэртэй болно гэж үзжээ. Энэ байр суурийг өмнөд солонгосчуудын 68 хувь, энэтхэгчүүдийн 53 хувь, Хятадуудын 60 хувь нь тус тус хуваалцаж буй аж. Америкчуудын зөвхөн 29 хувь нь Хятадын сүр хүчийг хязгаарлахын тулд АНУ идэвхтэй ажиллавал зохино гэж үзэж байна.
Чикагогийн Зөвлөлийн Ерөнхийлөгч маршал Боутон америкчууд даяарчлалын өртөг, өгөөжийн талаар түвэгтэй байр суурьтай байна гээд “Энэ байр сууринаас харахад түгшүүр нэмэгдсээр байна” гэжээ.
Нийтлэл 2006 оны аравдугаар сарын 11-нд Financial Times Limited-д хэвлэгдсэн болно.