Эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулжээ (2006.10.19)
Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-аас Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу боловсруулсан төслийг Засгийн газар өчигдөр хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Төслийг боловсруулахдаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, уул уурхайн салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, ашигт малтмалын нөөцийн чадавхи болон бүс нутгийн хөгжил, ашигт малтмалын дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, хүн амын амьжиргаа, ажил эрхлэлт, нийгмийн тулгамдсан асуудлыг харгалзан үзсэн хэмээн Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр өсч, 2005 онд үндэсний нийт бүтээгдэхүүний 17 гаруй, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 65.5, экспортын бүтээгдэхүүний 70.8 хувийг үйлдвэрлэсэн байна. 2006 оны байдлаар тус салбарын ажиллагсдын тоо 30 гаруй мянгад хүрчээ. Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигчид 1997-2006 онд улсад 169.8 тэрбум төгрөгийн орлого оруулсан аж. Сүүлийн арван жилд алт олборлолт, зэс хүдэр, хайлуур жоншны үйлдвэрлэл өссөөр ирсэн бөгөөд нүүрсний олборлолт 1995 онд 4.8 сая тонн байсан бол 2006 онд найман сая тонн болж нэмэгджээ.
Цаашид ашигт малтмалын шинэ орд газруудыг ашиглалтад оруулах, үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийх, эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг төслийн баримт бичигт тусгасан байна. 2015 он хүртэл зэс хайлуулах, зэсийн хүдрийг уусган баяжуулах үйлдвэр, молибден, хүдэр түүний баяжмалыг боловсруулах зэрэг чиглэлд анхаарлаа хандуулах талаар төсөлд мөн тусгаж өгчээ. Энэхүү бодлогын баримт бичиг нь Монгол улсын эрдэс баялгийн салбарыг дэмжсэн, уг салбарт төрийн оролцоо, үүргийг нэмэгдүүлсэн баримт бичиг болох юм хэмээн уг мэдээнд дурджээ.