Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулна (2006.10.24)

A- A A+
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулна (2006.10.24)

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулна (2006.10.24)

УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн дөрөвдүгээр бүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дарга Ц.Нямдоржийн захирамжаар өчигдөр байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, орлогчоор УИХ-ын гишүүн С.Баярцогт нар ажиллах бөгөөд гишүүдэд УИХ-ын нэр бүхий 13 гишүүн болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Л.Гүнчин, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат, Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга Д.Баяр, нийслэлийн Хан-Уул дүүргийн долдугаар хорооны Засаг дарга Г.Дагвадорж, ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Баясгалан, УИХ-ын гишүүн асан О.Батмөнх, УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа, Ард түмний намын Их Хуралдайн гишүүн Ө.Мэндсайхан, “Засагт хан” дээд сургуулийн захирал С.Алтангэрэл нар орсон аж.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чанартай хүргэх бодлоготой уялдуулан санал, төслөө боловсруулж энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.

Ажлын хэсэгт орсон бүрэлдэхүүнийг ямар шалгуураар тогтоосон болохыг УИХ-ын хэвлэлийн мэдээнд дурдаагүй байна. Юутай ч УИХ-ын дарга Ц.Нямдорж засаг, захиргааны шинэчлэлийг хийхийн тулд  хувьд Үндсэн хуульд өөрчлөлт хийх шаардлагатай тул бүх намаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан хэмээн хэлжээ. Тэрбээр  мөн өдөр Иргэний зориг намын дарга С.Оюун тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийн нь хүсэлтээр хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү мэдэгджээ. Дээрх мэдээлэлд дурдсан жагсаалтаас үзэхэд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх намын төлөөлөл орсон эсэх нь харагдахгүй байгаа бөгөөд парламентад суудалтай улстөрийн зарим намын төлөөлөл орсон аж. 

Засаг захиргааны шинэчлэл хийн орон нутгийн чадавхийг дээшлүүлэх нь зүйтэй хэмээн УИХ-ын дарга Ц.Нямдорж С.Оюунтай уулзахдаа хэлжээ. Гэхдээ хошууны зохион байгуулалтад орох зэргээр эрс өөрчлөхийг тэрбээр дэмжихгүй байгаа бололтой.