УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна (2006.10.25)

A- A A+
УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна (2006.10.25)

УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна (2006.10.25)

10-11 цаг. Засгийн газрын асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаан 10 цагаас эхэлж одоо  үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярив. Түүний хэлсэн үгийн гол санаа нь  огцруулах асуудлыг өргөн барьсны дараа хийсэн мэдэгдлийнхээ арай илүү өргөн хувилбар байв. Тэрбээр УИХ дахь сөрөг хүчнийг улстөрийн хорон санаатай явуулга хийж байна хэмээн дахин мэдэгдэв.  Харин түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр  уг асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газрыг огцруулах асуудлыг   УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу өргөн барьсан хэмээн мэдэгдэв. Тэрбээр Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагагүй гэж үзэж  байна.   Гэхдээ авч хэлэлцэх асуудал байгааг үгүйсгэсэнгүй. МАХН-ын бүлэг болон УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр  огцруулах шаардлагагүй гэж үзжээ.
Үүний дараа гишүүдийн асуулт хариулт өрнөж байна.

11-12 цаг. Монгол Улс парламентын ардчилалтай юу?  
УИХ-ын ахмад гишүүн Дэмбэрэл Засгийн газар хууль зөрчөөгүй тул огцруулах  ёсгүй гэж хэлсэн нь энэ асуултыг тавихад хүргэв. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэхдээ хууль зөрчсөн бол өөр газар явах ёстой. Харин Засгийн газар хууль хэрэгжүүлэхгүй байгаа тул тэр өөр газарт нь явахаас нь урьдчилж бид Засгийн газартай хариуцлага тооцох ёстой. Үүнд л парламентын ардчилал оршдог гэж тэрбээр мэдэгдэв. 

М.Энхболдын Засгийн газар өнөөг хүртэл мөрийн хөтөлбөргүй  байгаа нь огцруулах нэг үндэслэл гэж УИХ-ын нэр бүхий гишүүдийн огцруулах бичигт дурдсан. Энэ асуудлыг үндэслэлгүй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. УИХ-ын гишүүн С.Баярцогт тайлбарлахдаа Үндсэн хуулийн заалт уншив. Тэрбээр шинэ Ерөнхий сайд томилогдсноор дараагийн Засгийн газрын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ гэж заасныг хэлээд М.Энхболдын Засгийн  газрын үйл ажиллагааны    мөрийн хөтөлбөр өнөөг хүртэл УИХ-аар орж батлагдаагүй  байна хэмээн мэдэгдэв.

Хүүхдийн мөнгийг энэ Засгийн газар олгож байна хэмээн мэдэгдсэн талаар УИХ-ын гишүүн Л.Гансүх  хэлэхдээ, олгох шийдвэрийг УИХ гаргасан, Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ бол түүний хийсэн гавьяа биш гэж тэрбээр үзэж байна.

12-12,30 цаг. Эв нэгдэл ба улстөр 
Энэ Засгийн газар үндэсний эв нэгдлийн засгийн газар гэсэн нэртэй.  Гэтэл түүнд сөрөг хүчин дандаа саад болдог. Нэг жишээ нь та нар дэд сайдуудаа татсан гэж Шадар сайд М.Энхсайхан хэлэв. Энэ бол Засгийн газарт орохгүй, сөрөг хүчин болно гэсэн Ардчилсан намын улстөрийн шийдвэр гарсны дагуу болсон үйл явц юм. Жаргалсайхан, Энхсайхан, Гүндалай нарын Засгийн газрын гишүүд сөрөг хүчнийг дандаа саад болдог гэж үзэж байгаа аж. Сангийн сайд Баяртсайхан улстөрчид эв нэгдэлгүй байгаа нь үндэстэнд ч нөлөөлж байна хэмээн мөн мэдэгдэв. Улстөрчдийн ярианаас үзэхэд эв нэгдэл, улстөр хоёрын харьцаа ямар байх  вэ гэсэн асуултад тэд яаж хариулах нь сонин.  Ямар саад тавиад байгааг хэлэхийг сөрөг хүчний гишүүд хүссэн, улстөр, эв нэгдэл гэсэн ерөнхий үгээр биш, тодорхой асуултад тодорхой баримт жишээгээр хариулахыг УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдэд  сануулснаар энэ сэдэв өөр зүйл рүү шилжив.
Ардчилсан нам Засгийн газарт үргэлж бичиг цаас ирүүлж ажилд саад болж байна гэж УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд бас мэдэгдэв.

Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлээсээ Засгийн газрын хэрэгжүүлэх ажил, зарчим тэс өөр болоод байгааг Ерөнхий сайд өчигдрийн нэгдсэн хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн нь мөрийн хөтөлбөрөө цэгцлэх шаардлагатай болсныг харуулж байна гэж УИХ-ын гишүүн Мурат хэлэв.  

12,30-13 цаг. Үндсэн хууль зөрчилтэй юу?
Засгийн газрын мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаатай байх тухай Үндсэн хуулийн заалтыг Ерөнхий сайд мөн сонсгов. Харамсалтай нь өмнөх Засгийн газар ёс бусаар огцорсон гэж тэрбээр мэдэгдсэн нь өөрөө ёс бусаар огцруулснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо гэж сөрөг хүчний гишүүд үзэв.  Түүний сонсгосон заалт С.Баярцогтын хэлсэн Үндсэн хуулийн өөр нэг заалттай нь хэрхэн холбогдох вэ гэсэн бас нэг асуултыг хөндөв. Тэр заалтыг яаж ойлгох талаар УИХ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ, 4 жилийн хүчинтэй гэдэгт сонгуулийн дараахь дөрвөн жилийг үздэг. Гэхдээ шинэ Засгийн газар байгуулагдснаар 2004 оны мөрийн хөтөлбөрийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай  байгаа гэж  тэрбээр үзэж байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр энэ хоёр заалт зөрчилгүй. Нэг дэх нь 4 жил гэсэн боловч удаахь заалт нь шинэ Засгийн газар байгуулагдснаар мөрийн хөтөлбөр дахин боловсрогдох ёстойг тодотгосон гэж үзэж байна. Тэрбээр энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах юм байна.

Чуулган 13-15 цаг хүртэл завсарлалаа.  

Засгийн газрыг огцруулах саналтай холбогдуулан Ерөнхий сайд М.Энхболдын хэлсэн үг

Үндэсний Эв Нэгдлийн Засгийн Газар байгуулагдаад есөн сар болж байна. Энэхүү Засгийн газрыг тэргүүлэх өндөр итгэл найдварыг надад хүлээлгэн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон энэ оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын энэ хүндэт индэр дээрээс миний бие улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг яаралтай шийдвэрлэж, шуурхай ажиллана гэж хэлж байснаа тод санаж байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд:

• Төрийн албан хаагчдын цалинг 30 гаруй хувиар өсгөсөн,
• тэтгэвэр, тэтгэмжийг 25 хувиар нэмэгдүүлж,
• олон жил яригдсан тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна,
• “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өрх гэрийг, хүүхдүүдийг ялгаварлаж байсан алдааг засаж бүх хүүхдүүдэд олгох болсон,
• Гэр бүл, ахмад настан, эхчүүдэд тодорхой тусламж олгож байна,
• ерөнхий боловсролын сургуулиудын нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг хамруулсан “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа,
• нийт монголчуудад хамаатай “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж эхэлсэн зэрэг олон арга хэмжээг гүйцэтгэжээ.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд 45 удаа хуралдаж нийтдээ 500 орчим асуудлыг танхимаараа шийдвэрлэжээ.
Засгийн газрын шийдвэрийн дагуу сайдууд, засаг дарга нар, бүх шатны төрийн байгууллагуудын удирдах ажилтнууд цаг үеийн ажилтай холбоотой олон шийдвэрүүдийг гаргаж улс орны амьдрал ахуйг удирдан чиглүүлж ирлээ. Гэхдээ Засгийн газар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, чиглэлийг удирдлага болгон УИХ-аас гаргасан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг хэлбэрэлтгүй мөрдөж ажилласан гэдгийг энд хэлэхийг хүсч байна. Төрийн бүхий л салаа мөчрийн чухамхүү нэгдмэл хамтын үйл ажиллагаа амжилтын үндэс болох учиртай гэдгийг миний бие иш үндэс болгож ирсэн юм. Цаашид ч энэ байр суурийг хатуу баримтлах болно.
Энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрч, нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 950 ам, доллар болж, нэг жилд 200 ам, доллараар өсөхөөр тооцоо гарч байна. Энэхүү өсөлт бол зарим нэг хүмүүсийн яриад байгаа шиг зөвхөн дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс бий болсон “хуурамч” өсөлт бишээ. Харин ч үнийн өсөлтийг тооцвол ДНБ 26 хувиар өсөхөөр байгаа юм.
Энэ бол монголчууд бидний хамтын ололт амжилт, нөр их хөдөлмөрийн үр шим гэж Засгийн газар үзэж байна. Дэлхийн зах зээл монголын эдийн засагт тааламжтай нөлөө үзүүлж байгаа ч монголчуудын бүтээлч хөдөлмөр, идэвхи санаачилгыг түүнтэй хольж хутгаж ач холбогдлыг нь бууруулж хэрхэвч болохгүй.
Үүнтэй холбогдуулж хэлэхэд энэ жил монголчууд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн их ойг дэлхийн улс түмэнтэй хамтран тэмдэглэж байна. Монголчуудын үндэсний эрүүл, саруул бахархал сэргэн бадарч байна. Үндэсний бахархал бол улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх сэтгэл, итгэл, зүтгэлийн цогцлол юм. Эх оронч үндэсний бахарлын охь манлай нь Алангуа эхээс улбаалсан үндэсний эв нэгдлийн үзэл санаа бөгөөд тэр нь эзэн Чингисийн үйл хэргээр бодитой биежин баталгаажиж монголчууд бидний удмын санд шингэсэн билээ. Тиймдээ ч манай танхимын сайд нар Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт нэгдэж хамтран ажиллаж байна.
Үндэсний эв нэгдэл гэдэг нь хий хоосон үг биш, өөрөө эрхэм баялаг гэдгийг манай ард түмэн бүтээлч хөдөлмөрөөрөө тод томруун харуулж чадлаа гэж үзэж байна. Энэ оны эдийн засгийн өсөлт бол үүний бодит нотолгоо юм.
Үндэсний эв нэгдлийн Засгийн газар олсон ололт дээрээ тулгуурлан ирэх оны эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, төсвийг боловсруулсан бөгөөд бидний хүлээж байгаагаар эдийн засгийн өсөлт 9 орчим хувьд хүрч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 15-20 хувиар өсгөх, хүүхдийн мөнгийг 5000 төгрөгт хүргэх, “Үдийн цай” хөтөлбөрт нэмж ерөнхий боловсролын сургуулиудын гурав, дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг хамруулах бололцоо бий болох юм.
Манай Засгийн газар 2007 оныг бүтээн байгуулалт, эрчтэй хөгжлийн он жил болгож ажлын байрыг эрс нэмэгдүүлэхийг зорьж байна. Ирэх жил зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж, 1000 гаруй км хатуу хучилттай зам барьж эхлэх, 1250 км цахилгаан дамжуулах шугам татах, 20 шахам сумыг гэрэл цахилгаантай болгох, олон арван сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байна.
Засгийн газар “Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн асуудлыг цэгцтэй шийдвэрлэж барилга байгуулалтын ажлын бэлтгэлийг хангахын төлөө ажиллаж байна. Амжилтанд хүрнэ гэдэгтээ ч эргэлзэхгүй байна.
Үндэсний Эв Нэгдлийн Засгийн Газар байгуулагдсан цагаасаа хойш түүний явуулж буй бодлогыг саатуулан саармагжуулах гэсэн оролдлогуудтай удаа дараа учирч байв. Гэхдээ манай Засгийн газар эрүүл саруул, бүтээлч шүүмжлэлд үргэлж нээлттэй, аливаа шүүмжлэлд авах гээхийн ухаанаар хандахыг эрмэлзэж ирсэн.
Миний бие аливаа асуудалд хүлээцтэй байж төрийн бүх шатны удирдах бүрэлдэхүүнд өндөр шаардлага тавьж ажиллаж ирлээ. Хүлээц тэвчээртэй байгааг минь сул тал гэж хэрхэвч ойлгож болохгүй гэдгийг Засгийн газрын тэргүүний хувьд, үүрэг хариуцлагын хүндийг үүрч байгаа МАХН-ын даргын хувьд хэлэхийг хүсч байна.
УИХ дахь Ардчилсан Намын нэр бүхий гишүүд төрийн хэрэгт хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг огцруулах санал санаачилга гаргасан явдал юм. Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт хамтарч ажиллах МАХН-ын урилгыг хүлээж аваагүйгээрээ тэд хариуцлагаас зугтсан билээ. Ардчилсан нам, Иргэний Зориг намаас бусад нь МАХН-ын урилгыг хүлээн авч Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт ажиллаж байгаад талархалтай байгаа ч төрийн ажлын ёс жаяг, тогтсон уламжлалыг үл ойшоон дураар авирлаж болохгүйг зарим сайд, дарга нарт дашрамд хатуухан сануулахад илүүдэхгүй гэж бодож байна.
Хариуцлагаас зугтааж, хамтран ажиллахгүй гэж байгаа төрийн түшээд бусдын ажиллах бололцоог хаах, тэр тусмаа Засгийн газрыг огцруулах санал тавьж монголчуудын эв нэгдлийг бусниулж болохгүй гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа.
Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдийн санал нь ажил хэргийн гэхээсээ илүүтэй улс төрийн зорилготой, төрийн албыг бүх шатанд цалгардуулан, төр болон олон түмний хоорондын итгэлцлийг алдагдуулах хортой явуулга гэдгийг миний бие нийт олон түмэнд хандаж бичсэн ил захидалдаа цохон тэмдэглэсэн билээ.
Л.Гансүх нарын явуулж буй энэ бодлогыг Ардчилсан Намд харьяалагдах олон зуун гишүүд дэмжихгүй байгаа гэдэгт ч миний бие эргэлзэхгүй байна. Юманд учир суманд занги гэдэг ардын зүйр цэцэн үгээ санах хэрэгтэй.

Засгийн газрыг огцруулах тэрхүү албан бичгийн зүйл тус бүрт товчхон хариулваас:

1.Нэр бүхий гишүүд албан бичигтээ: “Засгийн газар нь УИХ-аар батлагдсан өөрийн гэсэн мөрийн хөтөлбөргүй өдий хүрлээ” гэсэн нь үнэнд нийцэхгүй. Засгийн газар УИХ-ын 2004 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ Мөрийн хөтөлбөр бол 2004 оны сонгуульд Монголын ард түмний санал сонголтоор гарч ирсэн, УИХ-ын баталсан, ирэх 4 жилд Засгийн газрын хийх ажлын мөрийн хөтөлбөр юм.
Харин Үндэсний эв нэгдлийн Засгийн газар уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын баримтлах тэргүүлэх 10 чиглэлийг тодорхойлж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан түүнийгээ хатуу мөрдөн ажиллаж байна.

2. Нэр бүхий гишүүд албан бичигтээ: “Авилгал, хээл хахуультай тэмцэх тэмцэл зогсож, авилгачид, албан тушаалаараа түрий баригчдын хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрлээ” гээд буруутан нь Үндэсний Эв Нэгдлийн Засгийн Газар гэж яллахыг санаархсан байна.
Энэ бол гүтгэлэг, амьдралын үнэнд нийцэхгүй. Чухамдаа энэ Засгийн газрын үед мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, Авилгын эсрэг тэмцэх зэрэг хууль гарч, дуулиант хэргүүд шүүхээр шийдэгдэж байна. Засгийн газар авилга, хээл хахуультай тэмцэх ажлыг харин ч эрчимжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар цагдаа, прокурорын байгууллага авилга, албан тушаалын 99 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 40 хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байна.
Авилгыг улс төржүүлэх нь авилгачдыг хаацайлан хамгаалсантай утга нэг үйлдэл мөн. Авилга, хээл хахуультай авилгачид бус харин монголын төр, хууль хяналтынхан тэмцэх учиртай, тэдэнд дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг гэж ойлгож байна.
Өнөөдөр олны анхаарлын төвд байгаа хадгаламж зээлийн хоршоодтой холбогдох хэргийг хянан шалгах томоохон ажлын хэсгийг зохион байгуулж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ асуудал манай Засгийн газрын анхаарлын төвд байнга байх болно.
Монгол улсын ашигт малтмалыг олборлож, ашиглах асуудлаар урд өмнө гадаадын компаниудад ёс бус найр тавьж байгуулсан тогтвортой байдлын гэрээнүүдийг эргэн харж, олон улсын стандартад нийцүүлэх, монголын эрх ашгийг хамгаалах бодлого хэрэгжүүлж байна. Түүний нэг илрэл нь “Бороо гоулд” компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагчидтай Засгийн газар тохиролцоо хийж байгаа явдал юм. Үүний үр дүнд Монголд ойрын 2 жилд 50 орчим тэрбум төгрөг шинээр орлого болж орж ирэхээр тооцогдож байна.

3.Нэр бүхий гишүүд албан бичигтээ: “Үндэсний хөгжлийн хөтөлбөр” гэгч нь улс орны хөгжилд ямар ахиц авч ирж байгаа, тэр талаар одоо болтол мэдээлэл төсөл бодлого алга байна. Үүгээр ч үл барам ….2006 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тал илүү хувиар тасарч…” гэгчлэн сүржигнэжээ. Энэ бас л үнэнд нийцэхгүй.
2006 оны хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулбал үнийн дүнгээрээ 40 гаруй тэрбум төгрөгөөр илүү байгаа бөгөөд төлөвлөгөө оны эцэс гэхэд 90-ээс доошгүй хувийн биелэлттэй гарна гэсэн тооцоотой байгаа юм. Энэ талаар УИХ дээр өнгөрсөн долоо хоногт дэлгэрэнгүй мэдээллийг миний бие өгч, гишүүдийн асуултад хариулсан билээ. Өнөөдрийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь санхүүжилтийн 52.7 хувь болсон байна.
Эдийн засгийн өсөлтийн тулгуур болсон хувийн хэвшил, бодит секторын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хаврын чуулганаар татварын багц хуулийг шинэчлэн баталж, эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлснээр татварын ачаалал 180 тэрбум төгрөгөөр буурч, Азийн орнуудын дотор Монгол Улс татварын хамгийн бага ачаалалтай орон болж байгаа юм.
Зээл тусламжийг Засгийн газрын бодлого, арга хэмжээтэй нягт уялдуулж байх механизм бол “Монгол улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн хамтарсан техникийн уулзалт” юм. 2003 оноос хойш нэг ч удаа зохиогдоогүй байсан хандивлагчдын уулзалтыг манай Засгийн газар сэргээн техникийн уулзалт нэртэйгээр зөвхөн 2006 онд хоёр удаа амжилттай явууллаа. Энэхүү механизм нь зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, улс орны хөгжил дэвшлийг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой болсныг уулзалтад оролцсон, хамтран зохион байгуулсан гадаад түншүүд цохон тэмдэглэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар идэвхтэй гадаад бодлого явуулж, хоёр болон олон талт харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа сурталчлах, гадаадын зочдыг үүнд өргөнөөр оролцуулах чиглэлээр үр дүнтэй ажиллав. Тухайлбал, гадаад орны төр, засгийн өндөр дээд хэмжээний 5О гаруй төлөөлөгчид, НҮБ болон бусад олон улсын байгууллага, улс орнуудын нийт 400 гаруй зочдыг хүлээж авлаа. Айлчлалуудын үеэр олон улс, бүс нутгийн глобал асуудлаар санал солилцож олон улсын сонирхлыг Монгол руу чиглүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн улс руу хандуулах, энэ чиглэлээр бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээг таниулахад чиглэгдсэн олон арга хэмжээ авсан нь чухал ач холбогдолтой болсон юм. Монгол улс, олон улсын нэр хүнд бүхий Ази Европын уулзалт /АСЕМ/ байгууллагад гишүүнээр элсэж, хэд хэдэн оронтой дипломат харилцаа тогтоохоор тохиролцов.
Хөгжлийн стратеги боловсруулах асуудалд монголын 300 орчим эрдэмтэн судлаачдын 36 баг сайн дураар оролцож төслөө ирүүлсэн. Тэдний дэвшүүлсэн үнэтэй саналыг анхааралдаа авч Монгол улсын хөгжлийн гадаад, дотоод орчны хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон Үндэсний хөгжлийн цогц бодлогын эцсийн хувилбараа боловсруулж дуусч байгаа.

4.Нэр бүхий гишүүд албан бичигтээ: “баялгыг дураараа цацаж өрх гэр бүл, нийгмийн халамжийн бодлогыг завхрууллаа” гэж Засгийн газрыг буруутгахыг хүсчээ. Эдийн засгийн өсөлт хүн ардад хүртээмжтэй байх нь манай Засгийн газрын хатуу байр суурь юм.
Энэ дашрамд хэлэхэд “Хүүхдийн мөнгө” хэмээх хөтөлбөр нь аль нэг улс төрийн намын дангаар эзэмших өмч биш. Тэр тусмаа Ардчилсан намын өмч бишээ. Хүүхдийн мөнгийг тойрон эцэс төгсгөлгүй улс төржих явдал ч төрийн ажил хэрэгт тус болохгүй. Уг санаа нь нэгэнт оршин тогтнохоо больсон “Эх орон-Ардчилал” эвслийнх байлаа. Чухамдаа өрх гэр, хүүхдэд ялгавартай хандаж байсан өмнөх Засгийн газрын алдааг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар засаж монголын хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох болсноороо “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар, энэ Засгийн газарт хариуцлага хүлээсэн улс төрийн хүчнүүд болсон нь түүхэн үнэн билээ.
Энэ Засгийн газарт МАХН үндсэн хариуцлага үүрч байгаагийн хувьд “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийн хувь заяа олон талаар чухамхүү манай намын гүйцэтгэх үүргээс шалтгаалах болж байгаа юм. Хүүхдийн мөнгөний хэмжээг нь нэмэгдүүлэх, түгээх арга хэлбэрийг нь боловсронгуй болгох шаардлагатай байгаа бөгөөд энэ тал дээр илүү бүтээлч уур амьсгал, хамтын ажиллагаа хэрэгтэй байна.
Ер нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газраас явуулсан бодлого, авсан нийгмийн багц арга хэмжээ нь радио, телевизээр зүгээр нэг яриад, сурталчилаад, шоудаад өнгөрсөн зүйл биш, харин олон түмний хэлж байгаагаар гэр оронд нь ороод ирсэн, иргэдийн халаасыг тодорхой хэмжээгээр зузаатгасан бодитой үйл хэрэг юм. Тийм ч учраас хэдийгээр 9 сар гэдэг бол аль ч Засгийн газрын бүрэн эрхийн 4 жилтэй харьцуулахад бага хугацаа боловч хийж бүтээсэн зүйл маань бага биш шүү гэдгээр манай танхимын гишүүд бахархалтай байдаг.
Эцэст нь тэмдэглэхэд дээр дурьдсан бичигт: “М.Энхболдын өмнө нь нийслэл хотод газрын авилгалыг гааруулсан болон одоогийн эрх мэдэлдээ дулдуйдсан үйлдлүүдээр улам баталгаажиж, бусдыг бурууд уруу татах жишиг болоод байна” гэж эрээ цээргүй гүтгэсэн байна. Ийм гүтгэлэг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай минь холбогдуулж байнга цацагдаж байдаг тул би иргэний хувьд шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх хүсэлт тавьж байсан. Саяхан Чингэлтэй дүүргийн шүүхээс миний хүсэлтийг үндэслэн холбогдох шалгалтуудыг явуулж “газрыг хууль зөрчиж олгон түүнээс ихээхэн хэмжээний хахууль авч баяжсан” гэж удаа дараа нийтэлж байсан хэвлэлийн мэдээлэл бодит байдалд нийцээгүй, хууль бус болохыг тогтоож, миний нэр төрийг сэргээн, залруулга хийхийг тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүрэг болгосон шийдвэр гаргасныг дурьдахад илүүдэхгүй байх.

Эрхэм гишүүд ээ,
Үндэсний Эв Нэгдлийн Засгийн Газар нь Монгол орны нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэн урагшлуулахын төлөө боломжтой бүх алхмыг хийх болно. Ийм бодлогыг УИХ дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг

"УИХ-ын нэр бүхий гишүүдийн санал нь Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 4-д заасанчлан “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн нөхцлийг бүрдүүлж байгаа учир өнөөдөр Улсын Их Хурал нэгдсэн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гэж байгаа юм байна.
Засгийн газрыг огцруулах талаар тавьсан тодорхой тооны гишүүдийнхээ саналыг УИХ ийнхүү хэлэлцэж шийдвэрлэх гэж байгаа нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож, үйл ажиллагааны хөтөлбөрийг нь баталж, гүйцэтгэлийн тайланг нь сонсч, хариуцлага тооцож ажилладаг Парламентын бүрэн эрхийн асуудал юм.

Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газрын хувь заяаны асуудал бол Улсын Их Хурлын гишүүдийн төдийгүй манай нийт сонгогчид, ард түмний эрх ашгийг хөндсөн эмзэг нарийн асуудал билээ. Ийм ч учраас уг асуудалд нухацтай хандаж сайн ярилцаж шийдвэрлэх нь чухал. Бас олон нийтийн санал бодлыг ч шийдвэр гаргахдаа харгалзан үзвэл зохих бизээ. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр үг хэлж, санал бодлоо илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Шуудхан хэлэхэд эмхлэгдэн байгуулагдаад 8 сар гаруй хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй, УИХ-тайгаа хамтран нийгмийн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлагагүй гэж үзэж байна. Миний бие энэхүү байр суурийг илэрхийлэхдээ төр засгийн тогтвортой байдлыг хүсч байгаа иргэдийнхээ саналыг бас харгалзан үзсэнийг тэмдэглэж байна.

Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлагагүй хэмээн үзэхдээ би түүний үйл ажиллагаа нь өөлөх юмгүй, бүх зүйл нь өөдтэй сайхан байгаа гэж хэлж байгаа юм бишээ. Засгийн газар, түүний төв, орон нутаг дахь салбарласан байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, гүйцэтгэх чиг үүргийн хуваарьт байгаа доголдол, төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй түшмэдүүдийн хүнд сурталжсан, улс төржсөн үйл ажиллагаанаас үүдэлтэй ажлын доголдол иргэд, сонгогчдын шүүмжлэлд өртсөөр байгааг нэн даруй засч залруулбал зохино. Алдаа дутагдлыг засахдаа тодорхой албан тушаалтантай ч хариуцлага тооцдог байх нь зүйтэй. Ажил ч тэр, алдаа ч тэр эзэнтэй байх нь чухал.

Өнөөдөр нийгэмд тулгамдсан, Засгийн газрын шийдвэрлэх ёстой олон асуудал байна. Шүүмжлэлийг чих зөөлөн сонсч, олон түмнийхээ тусын тулд төрийн албыг чиглүүлж зүтгүүлж чадвал ямар ч бэрхшээлтэй асуудлыг Засгийн газар шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна.
УИХ шийдвэр гаргахдаа миний байр суурийг харгалзан үзнэ гэдэгт найдаж байна.”