Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй (2006.10.27)

A- A A+
Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй (2006.10.27)

Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй (2006.10.27)

М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг  УИХ хоёр өдөр хэлэлцэж, өчигдөр үдээс хойш эцсийн шийдвэрээ гаргалаа. Санал хураалтад УИХ-ын 68 гишүүн оролцож, 46 нь огцруулах шаардлагагүй  гэж үзснээр Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ үлджээ.  УИХ дахь  Ардчилсан намын 20 гишүүн болон Иргэний Зориг намын дарга С.Оюун нар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн энэ талд  Эх орон намын дарга, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат санал өгчээ, гэхдээ тэрбээр кнопоо андуурч дарсан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн байна. Хуралд УИХ дахь МАХН-ын бүлэг ирцээ сайн бүрдүүлж оролцсон бөгөөд тус намын шинэ гишүүн Ц.Батаа болон Шадар сайд асан Ч.Улаан нараас бусад нь оролцсон хэмээн “ЗМ” сонинд бичжээ.

Засгийн газрын асуудлыг шийдсэний дараа УИХ-ын Ц.Нямдорж УИХ-ын  гишүүдэд хандан үг хэлсэн байна. 

М.Энхболдын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хэлсэн үг

Энэ Их Хурал хоёр дахь удаагаа Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргаж байна. Хэдийгээр Засгийн газрыг огцруулахгүй гэсэн шийдвэр гарч байгаа боловч Ерөнхий сайд, танхимын гишүүд дор бүртээ нэгийг ухаарсан байх гэдэгт найдаж байна.

УИХ-д суудалтай Ардчилсан нам түүхэндээ хоёрдахь удаагаа Засгийн газрыг солих санал гаргаж байгаа бөгөөд энэ удаа сөрөг хүчний хувиар асуудал тавилаа.
Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгч, хууль, ёс суртахуун, хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд түүнийг огцруулах санал гаргах нь сөрөг хүчинд хуулиар олгогдсон эрх, бас ардчиллын наад захын хэм хэмжээ. МАХН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байхдаа чухам ингэж л ажиллаж байсан.
Гэтэл УИХ дахь МАХН-ын бүлгийн зарим гишүүд, тэр бүү хэл Засгийн газрын гишүүд үүнийг мартсан бололтой асуудал тавьсан Ардчилсан намын харъяалалтай гишүүдийг атаархал, хорсолд хөтлөгдлөө хэмээсэн хөнгөн дүгнэлт хийж байгаа нь цаашдын ажил хэрэгт тус болохгүй гэдгийг сануулъя.

Сөрөг хүчний тавьж байгаа саналд төр, түмний ажил хэрэгт тустай ажил хэрэгч шүүмжлэл байвал түүнийг эрх баригч хүчин, Засгийн газар туйлын анхааралтай судалж засч залруулах үүрэгтэй. Ингэж ажиллаж чадвал төр нь ч, Засгийн газар нь ч алдаанаас ангид байж тэр хэмжээгээр шүүмжлэл, дургүйцлээс хол байж чадна.
Харамсалтай нь Засгийн газрын зүгээс ийм уур амьсгал төдийлөн ажиглагдсангүй. Тэр ч бүү хэл эрх баригч хүчний дэмжлэгт дулдуйдсан зарим сайд нар УИХ-ын гишүүд рүү дайрч давшилж, ичгүүр сонжуургүй авирлаж байгааг яагаад ч зөвтгөж болохгүй.

Яаж ч нуухын аргагүй алдаа дутагдлыг өөрсдөө хамгаалж, хаацайлж болдог юмаа гэхэд ард түмэн үүнийг огт өршөөхгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Ингэж цааргалах тусам унах газар хол, бас хатуу байдаг гэдгийг хэлье. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар “Сэргээн босголт” банкны асуудлаар хэт хуудуутай шийдвэр гаргасан. Сөрөг хүчний зүгээс алдаагаа засаач, тэгэхгүй бол Засгийн газар чинь тэсэхгүй нь гэдгийг хүний ёсоор сануулсаар байтал тэр үеийн эрх баригчид зөрүүдэлж байгаад Засгийн газар огцроход хүргэсэн, бас 2000 оны сонгуулиар ганц суудалтай болтлоо унасан гашуун түүхийг сануулахад илүүдэхгүй.

М.Энхболдын толгойлсон Засгийн газар үйл ажиллагаа явуулах хугацаандаа 2006 оны төсөвт тодотгол хийх, нийгмийн хамгааллын арга хэмжээг бэхжүүлэх талаар цөөнгүй санал санаачилга гаргаж УИХ-аас дэмжлэг авч түүнийгээ хэрэгжүүлж байна. Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал ч муугүй байгаа нь цаг агаарын тааламжтай нөхцөл, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаатай холбоотой. Энэ тааламжтай нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ашиглаж чадсан уу гэвэл үгүй. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын биелэлт хангалтгүй байгааг саяхан бид хэлэлцсэн. Он дуусахад хоёрхон сарын хугацаа үлдэж, хүйтний улирал эхэлж ихэнх ажил зогсох болсон цагт биелэлт 52 хувьтай байхад, өмнөх Засгийн газрын мөн үетэй харьцуулахад гайгүй байгаа хэмээн өөрсдийгөө зөвтгөж байгаа нь яавч ухаалаг байгаагийн шинж биш. Өгсөн үүргийг 100 хувь биелүүл, хууль хэрэгжүүл гэж л УИХ Засгийн газрыг байгуулдаг. Засгийн газар энэ л үүргийг биелүүлэх учиртай бөгөөд чадаагүй бол өөрийгөө зөвтгөөд байх нь утгагүй хэрэг.

Энэ Засгийн газрын үйл ажиллагаанд танхимын зарчим алдагдах гээд байгаа нь нууц биш зүйл. Засгийн газар олонхиороо шийдвэрлэсэн асуудлын талаар танхимын гишүүн өөр байр суурийг хаана ч илэрхийлэх эрхгүй байхаар хуульчилсан. Гэтэл мал аж ахуйн зарим бүтээгдэхүүний экспортын татварын талаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед сайд Л.Гүндалай өөр байр суурь илэрхийлж Засгийн газраа үгүйсгээд явж байсан нь 14 хоногийн өмнө болсон явдал. Ийм жишээ олныг дурдаж болно. Байдал ийм байхад танхимын зарчим огт алдагдахгүй байгаа хэмээн мэлзэх нь үнэнд нийцэхгүй. Зарчмын асуудлаар байр суурь нэгдэхгүй байвал өргөдлөө өгөөд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гардаг соёлт ёс байдгийг ийм үйлдэл хийдэг хүмүүст сануулах нь зүйд нийцнэ.

Бас Засгийн газрын зарим гишүүн олгогдсон эрх мэдлийг хувийн эрх ашиг, сувдаг шунахай зорилгод ашиглах увайгүй оролдлого хийж байгаа тухай нэг бус баримт сонсогдох боллоо. Ийм байдал хэрхэвч гаргаж таарахгүй бөгөөд гаргасан бол өршөөж, хамгаалж таарахгүй.Засгийн газар түүний гишүүд дүгнэлт хийхгүй бол УИХ хүссэн ч эс хүссэн ч энэ замбаараагүй байдлыг таслан зогсоох болно гэдгийг хариуцлагатай хэлье.

Энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан гурван сайд, бас эрх мэдэл өгвөл бүхнийг сайхан болгоно гэж олон жил ард түмэнд “хайр”-аа зарласан хүмүүс орсон нь түүхэн үнэн. Харамсалтай нь Засгийн газар байгуулагдаад бүтэн есөн сарын хугацаа өнгөрч байхад эдгээр хүмүүсээс бие даан хөөцөлдөөд УИХ-д оруулж ирсэн ажил хэрэгч, дорвитой санал санаачилга нэг ч үгүй байна. Харин ч асуудал эсрэгээр эргэж, сайдын суудалд зөв сууж төрийн ажлаа хийхийн оронд удирдаж байгаа хамт олонтойгоо байнга тэрсэлдэн зөрчилдөж тэднийг хэлэх хэлэхгүй үгээр дайран доромжилж түүнийгээ зөвтгөсөн ярилцлагыг телевиз, сонинд өгөхөд хамаг цагаа нөхцөөж нөгөө л сайхан үгээр ард олныг хууран мэхэлж тархийг нь угаадаг бусармаг аргаасаа салж чадахгүй байгааг юугаар ч зөвтгөж болохгүй. Засгийн газрын гишүүн хүн гудамжны тэмцэл өрнүүлж гадаадын хөрөнгө оруулагчийн өмчид хууль бусаар халдаж бас зарим нь тэдгээрийг “яв зайл “ хэмээн хөөж тууж Монгол төрийн гадаад нэр хүндэд хохирол учруулж байгаа адал балмад явдал манайхаас өөр улсад гарч байна уу гэдэгт дор бүртээ дүгнэлт хийгээрэй.

Эцсийн дүндээ УИХ түүний гишүүд Засгийн газрын өмнө биш, ард түмэн, улс орны өмнө үүрэг хүлээсэн гэдгийг сануулъя. Харамсалтай нь зарим гишүүд энэ үндсэн үүргээ мартсан байж болзошгүй байна.
Цаг, нүдээ олоогүй өмгөөлөл, муу хамгаалалт, зусардалт хамгаалуулагчаа нураан устгах хамгийн шилдэг арга байдаг гэдгийг дор бүртээ бодоорой.
Сүүлийн үед Монгол төрийн нэр хүнд сайнгүй байгаа, хуйвалдаан, ил далд мөнгө, явцуу бүлэглэлийн сонирхол төрийн ажлын хөшүүрэг болсон тухай хэн хүнгүй ярих боллоо. Нөхцөл байдлыг ийнхүү дүгнэх болсон нь энэ Их Хурлын бүрэлдэхүүнд байгаа бүх намын үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэвэл илүү үнэнд нийцнэ.

2004 оны сонгуулийн дараа Ардчилсан намын нөхөд сонгууль удирдсан М.Энхсайхан, Л.Гүндалай нарыгаа Засгийн газрын бүрэлдэхүүний гадна үлдээж АНУ-д дөрвөн жил тансагласан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон. Yүнийг хуйвалдаан биш гэж үзэх үү! Гэтэл ийм хуйвалдаан хийж байсан хүмүүс өнөөдөр бусдын хуйвалдааныг илрүүлж шударга дүр эсгэж байгаа нь хэр зохистой вэ.
Ц.Элбэгдоржийн энэхүү хуйвалдааны “золиос” болсон М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Эрдэнэбат нар хорсолдоо хөтлөгдөж “Эх орон-Ардчилал “ эвслийг тарааж, улмаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах ажиллагаанд оролцож өөрсдөө М.Энхболдын Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон нь хэн ч маргашгүй бас нэг үнэн. Энэ хуйвалдаан биш байсан гэж үү. Ц.Элбэгдорж намын даргын суудлыг салгаж авахын тулд М.Энхсайханд 100 доллар, хадагтай бэлэглэсэн тухай өчигдөр Их Хурлын гишүүний суудал дээрээс мэдэгдэл хийлээ. Бас Л.Гүндалай Ардчилсан намд сайдын суудал өгөөгүйд нь гомдож явдагаа илчиллээ. Улс төрчид яаж хуйвалдаж, ямар өчүүхэн эрх ашигт хөтлөгдөж чаддагаа олон нийтэд ил болголоо.
Хамгийн харамсалтай нь Монголын төрийн нэг гол багана болсон Ардчилсан нам доторх энэ хөдөлгөөн, хорсол, өшөө авалт Монгол төрийн хямрал болж байсан, одоо ч болж байгаад л асуудлын гол хор холбогдол оршиж байгаа юм.
Аливаа намын доторхи эрх ашгийн явцуу бүлэглэлийн тэмцэл, хөдөлгөөн эхлээд тухайн намыг сульдуулж, улмаар төрийн хямралын шалтгаан болж төр, ард түмний эрх ашигт нөхөж баршгүй хохирол учруулдаг тул би МАХН-ын дотор бий болох гээд байгаа эмх замбараагүй байдлын хор холбогдлыг ухааруулах гэсэндээ хатуу хөтүү үгтэй ярилцлага өгсөн нь үнэн. Yүнийг өөлөх гэж элдвээр оролдож байгаа нь ч үнэн. “Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэсэн ардын үг байдаг. Асуудал эцсийн эцэст энэ л үнэнд гүйцэгдэх болно.
Саяхныг хүртэл нэг нам, нэг эвсэлд багтаж, нэг л эрх ашгийн төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхөд бүтэн хоёр өдөр бие биенээ хэлэх хэлэхгүйгээр дайрч давшиллаа. Бодит байдал ийм л байгаа учраас би “Монгол хүний мөс жудагийн хомсдол”-ын тухай энэ индэр дээрээс ярьсан юм шүү. Yүнийг дахиад нэг бодож үйлдэл, үйл ажиллагаандаа дүгнэлт хийвэл сайнсан.
Өөрөөр хэлбэл, энд суугаа УИХ-ын гишүүн бүр, Засгийн газрын гишүүн бүр өөрийнхөө үйлдэл, үйл ажиллагааны талаар дүгнэлт хийж алдаа дутагдлын эзнийг бусдаас биш өөрсдөөсөө хайн дүгнэлт хийж засаж залруулах шаардлагатай байна гэдгийг дахин нэг сануулъя.

Эрхэм гишүүд ээ, Энэ жил бид төрт улсынхаа 800 жилийн ойг тэмдэглэж улсынхаа нэр төрийг гадаад ертөнцөд өргөх талаар дорвитой алхам хийлээ.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын эдийн засгийн байдал сайжирч тэр хэмжээгээр хөгжил дэвшил, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрдэж байна. Иймд ойр зуурын хэрүүл маргаан, зөрчил тэмцлээ хойш тавьж хөгжил, дэвшлийнхээ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ард түмнийхээ амьдралыг яаж дээшлүүлэх талаар илэн далангүй ярилцаж төрийн зөв шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг уриалж байна.