2007 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэв (2006.10.30)

A- A A+
2007 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэв (2006.10.30)

2007 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэв (2006.10.30)

Монгол Улсын 2007 оны төсвийг УИХ  өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэллээ. 2006 оны төсвийн төлөвлөгөөнд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 1097.6 тэрбум төгрөг, үүнээс улсын төсвийн орлого 1051.6 тэрбум төгрөг байхаар тусгаснаас дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлт, хууль эрхзүйн орчны зарим өөрчлөлтөөс хамаарч энэ оны эцэст нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө 10.2 хувиар, улсын төсвийн орлого 10.3 хувиар тус тус давж биелэх урьдчилсан байдалтай байгаа аж.

Монгол Улсын 2007 оны нэгдсэн төсвийн төсөлд хөрөнгийн зардлыг 252.7 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь 2005 оны гүйцэтгэлээс 2.8 дахин, 2006 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 43 тэрбум төгрөгөөр, төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтээс 52.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. 2007 оны хөрөнгө  оруулалтад ажлын байрыг бий болгох, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгоход 7.2 тэрбум төгрөг, Японы жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслөөр 6.9 тэрбум төгрөгийг оруулахаар төлөвлөжээ.

Барилгын салбарт 9.1 тэрбум, эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Барилга, хот байгуулалтын салбарт Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн нь 2006 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.3 дахин нэмэгдэж байгаа аж. “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны дэд бүтцийг барьж байгуулахад 3.7 тэрбумыг төсөвлөж, нийслэлд барилга байгууламж, нийтийн аж ахуйн чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 5.4 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцоолжээ. Эрүүл мэндийн салбарт зориулах 8.6 тэрбумын хөрөнгө оруулалт нь өнгөрсөн оныхтой харьцуулбал 34 хувиар өссөн дүн юм байна.

2007 онд төвийн эрчим хүчинд холбогдоогүй 17 сумын асуудлыг шийдэхээр хөрөнгө төсөвлөхөөр тусгаад байна гэж Сангийн сайд Н.Баяртсайхан мэдээлжээ. Өмнөх жилүүдэд 3-5 сумыг төвийн эрчим хүчинд холбох ажлыг хийдэг байсан бол өнгөрсөн жил найман сумын асуудлыг шийдсэн байна. Энэ тоог ирэх онд 17 болгохоор тооцоолоод байгаа аж.

2007 онд 1000 орчим км замыг шинээр барихаар төсөл боловсруулагчид төлөвлөжээ. Сангийн сайдын мэдээлснээр энэ замын 170 км-ыг улсын төсвийн хөрөнгөөр, 252 км замыг Азийн хөгжлийн банк, Солонгосын “Экзим” банкны зээлээр барихаар тооцоолжээ. Замын-Үүд-Чойрын чиглэлийн замыг 2008 оны Бээжингийн олимпын өмнө ашиглалтад оруулна. Нийслэлд 2007 онд замын ажилд урьд өмнө байгаагүй их хэмжээний буюу 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж. Үүний 11 тэрбумыг нийслэлийн төсвөөс, 4.7 тэрбумыг улсын төсвөөс, Азийн хөгжлийн банкны зээлийн 13.2 сая ам.долларыг мөн зарцуулахаар төлөвлөсөн байна. Японы Засгийн газрын тусламжийн 18.2 сая ам.долларыг Тээврийн товчооноос цагаан хаалга хүртэл гүүрэн зам барихад зарцуулахаар тооцоолоод байгаа бөгөөд 2009 он гэхэд ашиглалтад оруулах аж.

Монгол Улсын иргэд 300-500 мянган төгрөгийн цалинтай болбол цалингийнхаа тодорхой хэсгийг cap бүр орон сууцны зээлийн төлбөрт шилжүүлэн 20-30 жилийн дараа орон сууцтай болох боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Сангийн сайд мэдээлжээ. 2007 онд багтаан цалинг 300 мянга болгон нэмэгдүүлнэ гэж амлаж чадахгүй. Үүний тулд төрийн албанд томоохон шинэчлэл хийх хэрэгтэй болох бөгөөд120 гаруй мянган төрийн албан хаагчийг 80 мянга хүртэл бууруулах шаардлагатай гэж тэрбээр мэдэгджээ. Нэг жилийн дотор ийм том хэмжээний шинэчлэл хийх боломжгүй. Ер нь есөн сарын өмнө төрийн албан хаагчийн цалин 78 мянга байсан бол одоо 132 мянга болж нэмэгдсэн. 2007 онд төсвийн албан хаагчдын цалинг 160 мянга болгох зорилт тавьж буй бөгөөд энэ хурдаар нэмэгдвэл 2009 онд цалингийн хэмжээ 300 мянгад хүрэх бололцоотой ажээ.

Татварын шинэ хуулиуд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулиуд хэрэгжснээр татварын орлого 180 тэрбум төгрөгөөр буурах юм байна. Гэхдээ энэ нь санаа зовох зүйл биш гэж мэргэжилтнүүд дүгнэж буй ажээ. Хөнгөлөлттэй систем үйлчлэх учраас иргэд, аж ахуйн нэгж татвараа шударгаар төлж, сүүдэрт байгаа мөнгө ил гарах байх гэж Сангийн сайд хэлэв. Мөн татварын хөнгөлөлт нь татвар төлөгчдийн бааз суурийг ч өргөжүүлнэ гэж тэрбээр найдаж байгаа аж.