Сангийн сайдын эрсдлээс сэргийлэх механизм (2006.10.31)

A- A A+
Сангийн сайдын эрсдлээс сэргийлэх механизм (2006.10.31)

Сангийн сайдын эрсдлээс сэргийлэх механизм (2006.10.31)

Эдийн засагт байгаа нөөц  бололцоог дайчлах, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, шаардлагатай бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс орныхоо хөгжлийг хурдасгах зорилт тавьж 2007 оны төсвийн төслийг боловсруулсан гэж Сангийн сайд Н.Баяртсайхан “Өнөөдөр” сонинд /¹254/ ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр  татварын орлогыг 180 тэрбум төгрөгөөр бууруулсан нь эдийн засагт тодорхой хэмжээний эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй гээд нийгмийн хамгааллын арга хэмжээнд 240 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн гэжээ. Түүний хэлснээр бол  2007 онд нийтдээ 420 тэрбум төгрөгийг нэмж олох шаардлагатай байгаа эж. Харин энэ мөнгийг хэрхэн олох талаараа Монгол Улсын хөгжлийн санд мөнгө бүрдсний дараа зарцуулах бодлого барина хэмээн Сангийн сайд хэлжээ. Өөрөөр хэлбэл  2006 онд олохоор тооцож буй 120 тэрбум төгрөгийг 2007 онд, 2007 онд олох 217 тэрбумыг дараа жилийнхээ арга хэмжээнд зарцуулах бөгөөд үүнийг эрсдлээс сэргийлэх хамгаалалтын механизм хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Сангийн сайдын хэлснээр бол 2007 оноос татварын шинэ хууль хэрэгжиж эхлэхээр Монгол Улс Азидаа хамгийн бага татвартай улс болох аж.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2006 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Засгийн газрын гишүүдэд өчигдөр  танилцуулжээ .
Энэ оны эхний есөн сарын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлого 895,4 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 90.5 тэрбум төгрөгөөр буюу 11.2 хувиар давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 51.5 хувиар өссөн аж.  Yүний гол шалтгаан нь татвар төлөгчдийн татварын дарамтыг бууруулж, зарим зайлшгүй шаардлагатай татварын нэр төрлийг нэмэгдүүлнээс төсөвт төвлөрөх орлого нэмэгдсэн хэмээн үзэж байна.  Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 344.4 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 259.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжилэхтэй холбогдуулан  МАХН-ын бүлэг өчигдөр  хуралджээ. Тус бүлгийн Хэвлэлийн албаны мэдээнээс үзвэл 2007 оны төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төс¬вийн алдагдлыг ДНБ-ий дөрвөн хувиас доогуур барих, 2006 оны төсвийн орлогын давсан хэсгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудалд анхаарлаа хандуулсан аж. МАХН-ын бүлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулсан зарим саналыг төсвийн төсөлд нэмж тусгахыг Засгийн газарт санал болгохоор тогтжээ. Тухайлбал, Мянганы замын ажлыг эрчим¬жүүлэх, 2007 онд 40 сумыг эрчим хүчний эх үүсвэртэй болгох, Авилгатай тэмцэх газрын төсвийг суулгах, хүүхдийн мөнгийг нэмэг¬дүүлэх, үдийн цай хөтөлбөрт 1-8 дугаар ангийн хүүх¬дүүдийг хамруулах, төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх, малч¬дын ундны болон бэлчээрийн усан хангамжийг сайжруу¬лахад зориулж хөрөнгө нэмж гаргах, бүх сумдыг эхо аппаратаар, 50 мянган малчин өрхийг нарны эх үүсвэрээр хангах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хөрөнгөөр дэмжих, хараагүй, дүлий мөн бие даан амьдрах чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн тэтгэмж олгох зэрэг асуудал оржээ.