Хөнгөлөлтэй зээлээс аль болох татгалзах бодлого барина (2006.11.02)
Сүүлийн 15 жил гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслүүдээс хуруу дарам цөөхөн нь ашигтай юм билээ гэж Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат мэдэгджээ. Тэрбээр Сангийн яамнаас материалыг нь авч танилцсан гээд эдгээр тайланг УИХ-ын гишүүдийг авч үзэхийг хүссэн байна. Энэхүү мэдэгдлийг Монгол банкны ерөнхийлөгч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр хэлсэн байна.
Монголд үйл ажиллагаа явуулж буй банкууд хадгаламж зээлийн хоршоод шиг дампуурах вий гэсэн гишүүдийн болгоомжлолд О.Чулуунбат тайлбар хийхдээ эдийн засаг сайн байж банкууд сайн байна. Бид санхүүгийн системийг тогтвортой байлгахыг хичээж байна. Арилжааны банкуудад Монголбанкнаас тавьж байгаа хяналт хатуу. Арилжааны банкинд тавьдаг олон улсын хяналтын 25 зарчмыг барьж ажилладаг. Банкуудад зээлийн хэмжээг байгаа мөнгөнийхөө 50 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага тавьдаг. Бид өглөө бүр банкуудын балансыг шалган хяналт тавьж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр ойрын үед банк хаалгаа барьж иргэдийг хохироох явдал гарахгүй хэмээн үзэж байна. Түүний хэлснээс үзвэл арилжааны банкуудын эрсдэл даах чадвар 10 дахин нэмэгдсэн аж.
О.Чулуунбат нефтийн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ Засгийн газраас авбал Монгол банкны зүгээс санхүүжилт хийх бололцоотой гэж мөн мэдэгджээ. Банкуудын зээлийн хүү өндөр байгаа гэдэгтэй тэрбээр санал нэг байна. Сүүлийн 5-6 жилд зээлийн хүү буурсан ч хөрөнгө оруулалтыг дэмжих хэмжээнд хүрээгүй л байгаа бөгөөд өдөр тутам орлоготой байдаг том компаниуд жилийн 12-13 хувийн хүүтэй зээл авч байгаа аж. Харин жижиг зээлийн хүү өндөр байна. Ийм зээлийг жилийн 22-23 хувийн хүүтэй авч байгаа ажээ.
Төрийн албан хаагчдын цалинг нэмээд байгаа нь инфляцид нөлөөлөх үү гэж зарим гишүүн лавлахад тэрбээр, төсвийн алдагдал нэмэгдэхгүй бол цалинг нэмснээр инфляцид нэг их нөлөөлөхгүй гэжээ. Монголын хоёр сая гаруй хүнийг орлоготой байлгах тухай дорвитой арга хэмжээ авч байсангүй гэж О.Чулуунбат мэдэгдээд энэ хоёр сая хүний амьжиргааг дээшлүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэж хэлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хүү багатай зээлээр дэмжинэ. Энэ бүхэнд арилжааны банкуудын мөнгө хүрэлцэхгүй учир гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Аж үйлдвэрийн парк байгуулж болно. Үүнийг санхүүжүүлэх боломжтой гэв. Засгийн газар, Монголбанкны зүгээс хөнгөлөлттэй зээлээс аль болох татгалзах бодлого барина. Учир нь өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, төслүүд шахагдан орж ирдэг. Тухайлбал 10 ам.доллараар худалдан авдаг үзэг 100 ам.долларын өртөгтэйгээр орж ирэх жишээтэй гэж гэж тэрбээр хэлжээ. Хөнгөлөлттэй зээлийн маш бага хувь нь мөнгөн хэлбэрээр, дийлэнх нь төсөл, тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирдэг юм байна.