Хөгжлийн сангийн журмыг хэлэлцэж эхэллээ (2006.11.10)
Алт, зэсийн үнийн өсөлтөөс авах гэнэтийн ашгийн татварын орлогыг “Монгол Улсын хөгжлийн сан”-д хуримтлуулахаар болсны дагуу 2006 онд 150 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг УИХ хэлэлцэж эхэллээ.
“Монгол Улсын хөгжлийн сан”-гийн хөрөнгийн гуравны нэгийг хүүхэд, гэр бүлд, гуравны нэгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих болон дэд бүтцийн салбарт, үлдсэн гуравны нэг хувийг болзошгүй эрсдэлд зориулж зарцуулахаар хуулинд тусгасан авч Засгийн газрын боловсруулсан журманд олон жижиг зүйлд зарцуулахаар хуваарилахаар заасанд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж буй ажээ. УИХ-ын гишүүн З.Энхболдын хэлснээр энэ журам хуулиас давсан аж. Тэрбээр сангийн хөрөнгийн зарцуулалтыг ойлгомжгүй болгосон байна гэж үзэж байна. Засгийн газар журамдаа сангийн хөрөнгийн зарцуулалтыг хянах есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулахаар тусгасныг УИХ-ын гишүүд мөн дэмжихгүй байна. УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа, Л.Гансүх нар УИХ зарцуулалтыг нь шийдээд явах тул ийм зөвлөл байх шаардлагагүй гэж мэдэгджээ.
Сангийн сайдын хэлснээр Монгол Улсын хөгжлийн санд сүүлийн хоёр жилийн хугацаанд 400 гаруй тэрбум төгрөг орж ирэх тооцоо байгаа аж. Энэ бол одоогоос 4-5 жилийн өмнөх Монгол Улсын төсөвтэй адил хэмжээтэй байгаа тул зөвлөл байгуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна. Сангийн зөвлөлийг Ерөнхий сайд удирдаж, зөвлөлд хэн орж ажиллахыг УИХ баталж өгөхөөр тооцоолжээ. 2006 оны төсвийн орлого урьдчилсан тооцоогоор 162 тэрбум төгрөгөөр давахаар төлөвтэй байгаагийн дийлэнх нь Монгол Улсын хөгжлийн санд байрших юм байна. Сангийн мөнгийг улсын төсвөөс тусад байршуулах тал дээр УИХ-ын гишүүд санал нэгджээ. Энэ мэт саналыг хэлэлцсний дараагаар гишүүдийн 73,2 хувийн саналаар Засгийн газраас боловсруулсан хөгжлийн сангийн журмыг УИХ цааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон байна.