Улсын төсвийн 55-60 хувь нь нийгмийн хамгаалалд зарцуулагдахаар байна (2006.11.20)
Гэнэтийн ашгийн татварын ихэнх хувийг хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, хувийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, дэд бүтцийн хөгжилд буюу эрчим хүчний хангамжийг сайжруулах, автозамын сүлжээг өргөтгөхөд зориулах зэргээр тусгасан гэж Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний ярьснаас үзвэл одоогийн боловсруулсан төслөөр бол 2007 оны улсын нийт төсвийн 46 хувийг нийгмийн салбарт зарцуулна. Гэтэл УИХ дээр ид яригдаж байгаа хүүхдийн 3000 төгрөгийг 11 мянгад хүргэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх заалтууд ороод ирвэл манай улсын төсвийн 55-60 хувь нь нийгмийн хамгаалалд зарцуулагдана гэсэн тооцоо гарсан байна.
Нийгмийн баялгийг зохистой хуваарилахын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарт чиглүүлэх байр суурийг Сангийн яам барьж байгаа ч хууль тогтоогчид асуудалд хэрхэн хандахаас бүх зүйл шалтгаална. 2007 онд ДНБ гурван тэрбум ам.доллар болж байна. Төр энэ гурван тэрбумын 50 орчим хувийг төсвийн орлого байдлаар буцаан авч түүнийхээ талыг нь эргүүлээд нийгмийн хамгааллын салбарт зарцуулахаар болбол эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлын бодлоготой нийцэхгүй учраас Сангийн яам энэ саналыг дэмжихгүй гэж ноён Б.Батжаргал мэдэгджээ.
Гэнэтийн ашгийн татвар гэхэд л зэсийн үнийн өсөлтөөс бүрдэж байна. Энэ өсөлт зөвхөн дэлхийн зах зээлээс хамаарах бөгөөд хэзээ ч огцом буурах магадлалтай. Хэрэв Монголоос хамааралгүйгээр тогтоогддог зэсийн үнэ огцом доошилбол улсын төсвийн зургааны нэг нь үгүй болно. Ийм хэмжээний хөрөнгө алга болбол 2007 онд төсөвлөсөн зургаан ажлын нэг хийгдэхгүй. Бусад оронтой харьцуулахад ийм эрсдэлтэй орлогыг нэг удаагийн арга хэмжээнд буюу 2007 оны хөрөнгө оруулалтад л зарцуулах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.
УИХ үнэхээр төсвийн 55-60 хувийг нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар шийдвэл яах вэ гэсэн асуултад Б.Батжаргал хариулахдаа, энэ бүхэн зэсийн дэлхийн зах зээлийн үнэтэй шууд хамааралтай гэдгийг манай нийт ард иргэд, ялангуяа халамж хүртэж байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй гэжээ. Гэхдээ хэрэв Оюу толгой, Таван толгойн ордууд ашиглалтад орж, Монгол Улс татвараа аваад эхэлбэл зэсийн үнийн өөрчлөлтөөс хамааралгүй байж чадна гэж тэрбээр хэлсэн байна.
Түүний ярьснаас үзвэл 2006 оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого нийт 111 тэрбум төгрөг болж, Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрчээ. Үүнээс ердөө арваад тэрбум төгрөг нь алтнаас орсон орлого ажээ. Алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаах, эсэх нь дурын асуудал. Үүний төлөө 68 хувийг цуцална гэдэг нэг талаар сөрөг үр дагавар авчирч болох юм. Тэртэй тэргүй Монголын алт гадагшаа гаралгүй манай арилжааны банкуудад хадгалагдаж байна. Тэд өөрсдийн хөрөнгийг биет байдлаар хадгалахыг хориглож болохгүй гэж Б.Батжаргал ярьжээ.