УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилдаг мөнгө 2,5-25 дахин нэмэгдэх нь (2006.11.21)
УИХ дахь улстөрийн намууд зөвшилцөж тойрог бүрт 250 сая төгрөг өгөх санал гаргасан нь Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурлаар дэмжигджээ. Хэвлэл мэдээллийн үзэж байгаагаар хэрэв энэ мөнгө батлагдах юм бол Шадар сайдын багцанд тусгагдаж, УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилагдах юм. Нэг үгээр хэлбэл 2000-2004 онд УИХ-ын нэг гишүүн тойрогтоо 10 сая төгрөг , 2006 онд 100 сая төгрөг хуваарилуулж зарцуулдаг байсан бөгөөд энэ хэмжээ 2007 онд өмнөх онуудтай харьцуулбал 2,5-25 дахин нэмэгдэж байна.
Төсвийн байнгын хороо ажлын цаг тарсан үдэш оройн цагаар хуралдаж энэ асуудлыг шийдсэн хэмээн “Өдрийн сонин”-д бичжээ. УИХ-ын гишүүдийн өөрсдөө авах хөрөнгө мөнгөний асуудал эхний даваагаа давсан тул УИХ-ын чуулганаар ногоон гэрлээр батална хэмээн тус сонин дүгнэжээ. УИХ-ын гишүүдийн энэ үйлдлийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Батж.Батбаяр нар эсэргүүцсэн байна.
УИХ-ын гишүүн, Ард түмний намын дарга Л.Гүндалай асуудалд улс орны эрх ашгаас хандахыг шаарджээ. Тус намаас гаргасан мэдэгдэлд дурдснаар бол “УИХ-ын чуулганаар 2007 оны төсвийг хэлэлцэх үед гишүүн бүрт 250 сая төгрөг хуваарилж байгаа нь УИХ дахь намууд хуйвалдаж, төсвийн мөнгийг өөрсдийн эрх ашгийн төлөө үргүй зарцуулж байгаагийн тод илрэл мөн” гэж үзжээ.