Төрийн байгууллагын ачааллыг зохицуулах зорилгоор иргэний нийгмийн оролцоог өргөтгөнө (2006.11.24)
Төрийн байгууллагын ачааллыг зөв зохицуулах зорилгоор иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд иргэний нийгмийн оролцоог өргөтгөх тухай заалт 2007 оны үндсэн чиглэлд оржээ. УИХ өчигдрийн нэгдсэн хуралдаанаараа "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг баталсан байна. Засгийн газрын тухайн жилийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тусгасан гол баримт бичиг болох үндсэн чиглэлд 122 ажлыг хийж гүйцэтгэхийг үүрэг болгожээ.
Нийгмийн хамгааллын шинжтэй зарим арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд шинэ гэр бүл болон шинээр мэндэлсэн хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх, халамжийн тэтгэврийг 15 хувиар нэмэх, Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэлгийг нас ялгаварлахгүй олгох, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, өнчин хүүхэд асрамжиндаа авсны тэтгэмжийг амьжиргааны төвшин харгалзахгүй өгөхөөр болсон аж.
Батлагдсан төслөөр бол Эгийн голын усан цахилгаан станцыг 2007 онд барьж эхлүүлэх бөгөөд БНХАУ-д хийж буй Ерөнхий сайд М.Энхболдын айлчлалын хүрээнд энэ станцыг барьж байгуулахад зориулж 300 ам.долларын хөнгөлөлтэй зээлийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг баталж, үйл ажиллагааны нь чиглэлийг тогтоож, ашиглалтын зохистой бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэгджээ. Тухайлбал Оюу толгой"-н ажлыг эхлүүлэх, "Таван толгой"-н ордын ашиглалтын өмнөх бэлтгэлийг хангах юм байна.
Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бий болгож, орон сууцны урт хугацааны зээлд хамрагдах иргэдийн тоог 20 мянга хэмээн тодорхойлсон аж.