250 сая тойрсон асуудал улстөрийн авилга мөн үү? (2006.11.28)

A- A A+
250 сая тойрсон асуудал улстөрийн авилга мөн үү? (2006.11.28)

250 сая тойрсон асуудал улстөрийн авилга мөн үү? (2006.11.28)

УИХ-ын гишүүдийн орон нутагт зориулсан хөрөнгө оруулалт нэрийдлээр тойрог бүрт хуваарилуулах 205 сая төгрөгийн асуудлыг авилгатай адилтгаж байна. “Анх арван саяар эхэлж, замдаа нэг зуун сая төгрөг болж байсан гишүүдийн тойрогт хуваарилдаг авилга энэ удаа 250 сая төгрөг болж суга өслөө. Дахин сонгогдох замаа засах, эсвэл дундаас нь зувчуулах сонирхолтой УИХ-ын гишүүдийн олонхи нь 250 сая төгрөгөө бараг авсан юм шиг сурталчилж сууна” хэмээн “Зууны мэдээ” сонин /¹283/ дүгнэжээ. 250 сая төгрөгөөсөө үл татгалзвал УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулахын төлөөх тэмцэлд Өдөр тутмын сонины холбооны гишүүн сонинууд нэгдэхийг “Зууны мэдээ” сонин зарласан байна.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, хуульч Х.Тэмүүжингийн “Өдрийн сонин”-д ярьснаар бол парламент ямар мөнгийг юунд зарахыг хуульчилж, түүнийгээ хянах ёстой. Гэтэл харамсалтай нь зарим гишүүн Засгийн газрын энэ эрх хэмжээг өөртөө татах гэж оролдож байгаа аж. Өөрөөр хэлбэл, парламент Засгийн газар хоёрын зааг ялгаа, хил хязгаарыг арилгах гэж оролдож байна. Үүнийг тэрбээр ашиг сонирхлын зөрчилд автаж байгаа хэрэг гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ бол улстөрийн авилга гэжээ. Энэ нь эцсийн дүндээ сонгуулийн шударга өрсөлдөөнииг хязгаарлахаас гадна одоо эрх мэдэлтэй байгаа улстөрчид татварын мөнгөөр дахин сонгогдох баталгаагаа бий болгож байна гэжээ.

Төсөв хэлэлцэх энэ үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан энэ санал эдүгээ нийгмийн анхаарлын төвд орж тун олон байгууллага холбоод, улстөрийн намууд байр сууриа нэгэнт илэрхийлжээ. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-д суудалтай Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдсан байна. УИХ-ын гишүүдэд олгогдох 250 сая төгрөг 2007 оны Үндсэн чиглэлд тусгагдан хуульчлагдсан хэдий ч дараагийн сонгууль болох цаг ойртсон энэ үед ийм шийдвэр гаргаж буй нь авилга өгч буйтай адил хэмээн тус нам үзэж байна хэмээн “Ардын эрх” сонинд /¹231/ мэдээлжээ. Тус сонины мэдээнд дурдснаар бол УИХ-аас гишүүдийн мэдэлд 250 сая төгрөг тараах нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчинө гэж Ардчилсан намын удирдлага үзэж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүд өөрсдөө хууль санаачлах эрхтэй ч ийм асуудлаар санал оруулах учиргүй. Энэ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд халдсан хэрэг болно. Харин Засгийн газраас дээрх саналыг оруулж гишүүд дэмжсэн бол зүйд нийцэх байсан аж. Юутай ч Ардчилсан нам энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийлэх болсон ажээ.

МУНН-ын мэдэгдэлд дурдснаар бол энэ нь гүйцэтгэх засаглалын дарамтад хууль тогтоох байгууллагыг оруулж буй хууль бус үйлдэл гээд нийт 76 тойрогт ногдох 19 тэрбум төгрөгийг бүсчилсэн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулахгүй бол УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах тэмцэлд ард түмнийг уриалан тэмцэнэ тус нам мэдэгджээ. “Иргэний Зориг” залуучуудын холбоо УИХ-ын эрхэм гишүүд улс төрийн авилгыг жил тутам огцом өсгөж, 250 сая төгрөг болгон хуульчлах гэж байгаа нь УИХ-ын гишүүд эрх ямбаа төсвийн хөрөнгөөр хадгалан үлдэх гэсэн балмад явдал гээд даруй таслан зогсоохыг шаарджээ. Тэрчлэн Yндэсний соёмбо хөдөлгөөн, Монголын Yндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, МАХН-ын “Уламжлал, шударга ёс, шинэчлэл” жигүүр мөн л тус тусдаа мэдэгдэл гаргаж, эрс эсэргүүцээд байгаа юм.