Гадаад хэргийн сайд мэдээлэл хийв (2006.12.18)

A- A A+
Гадаад хэргийн сайд мэдээлэл хийв (2006.12.18)

Гадаад хэргийн сайд мэдээлэл хийв (2006.12.18)

Гадаад улс орнуудад өнөөдрийн байдлаар Монголыг төлөөлөн Элчин сайдын 24 яам, дипломат төлөөлөгчийн газар хоёр, ерөнхий консулын газар тав, консулын газар нэг, консулын төлөөлөгч хоёр, өргөмжит консул 52 ажиллаж байгаа ажээ. Монгол Улсад шинэ цагийн дипломат алба байгуулагдсаны 95 жилийн ойг энэ сарын 29-ний өдөр тэмдэглэх гэж буйтай холбогдуулан Гадаад хэргийн сайд Н.Энхболд дотоод, гадаадын сэтгүүлчидтэй өнгөрсөн баасан гаригт уулзалт хийхдээ ийнхүү мэдээлжээ.  Шинэ цагийн дипломат алба Богд хаант Монгол Улсын үед Орос, Туватай харилцах, Хятад, Төвдийн асуудал эрхэлсэн болон ерөнхий гэсэн гурван хэлтэстэй Гадаад хэргийн яам байгуулагднаар  эхэлж байжээ.

Сайдын хийсэн мэдээллээс үзвэл Гадаад хэргийн яам одоо дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг оновчтой болгох, консулын газруудыг бэхжүүлэх, бүтэц, орон тоог эргэн харахаар төлөвлөж буй аж. Соёлын өргөмжит консул гэдэг институцын эхийг тавьж БНСУ-д томилсон байна. Өдгөө Монгол Улс 145 оронтой дипломат харилцаатай, дэлхийн үйл амьдралд том нөлөө үзүүлж чадахгүй ч ардчиллын замд нэгэн зэрэг хөл тавьсан зарим орноос тодорхой амжилтаар илүү байгаа нь гадаад харилцааны нэр хүндийг нэмэгдүүлдэг гэж Гадаад хэргийн сайд Н.Энхболд үзэж байна. Монгол Улсын гадаад харилцаанд  маргаантай, түвэгтэй асуудал байхгүй гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн гадаадад хийх өндөр хэмжээний айлчлалуудыг эртнээс төлөвлөдөг болжээ. Энэ оны хоёрдугаар улиралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ойрын 3-4 жилд хийх гадаад айлчлалын тоймыг гаргасан байна. Уламжлалт найрсаг харилцаатай түншүүдээс гадна шинэ түнш хайх, гадаад харилцаанд шинэ гарц нээх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга гаргаж ажиллахаар болжээ..

Гадаад хэргийн яаманд болсон уулзалтын үеэр сэтгүүлчид тодорхой асуултад  хариулт авчээ. Тухайлбал, хүний наймаа, хилийн цаана ял эдэлж байгаа монголчуудын тухай, Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дууссан ч дараагийн томилгоо сунжирч буй, ОХУ-д визгүй зорчих боломж, Малайзад болж буй монголын иргэний амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын талаар асуужээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр визийн асуудал хөндөгджээ. Одоогоор визгүй зорчвол ямар бэрхшээл учричр болохыг судалж байгаа аж. Түүнчлэн хил орчмын бүс нутгийн иргэд, албан ажлаар яваа хүмүүс зэргээс эхлэн визгүй зорчиход алхам алхмаар дөхөх боломж байгааг Гадаад хэргийн сайд үгүйсгээгүй байна. БНХАУ 2008 оны олимпийн үеэр монголчуудыг визтэй зорчдог болгох гэж байгаа талаар сураг гарч буй тухайд тэрбээр өмнөд хөршөөс ГХЯ-ны шугамаар тийм асуудал огт тавиагүй гэж хариулжээ.
Монголын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал Малайзид эхэлж, ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Я.Ариунболд түүнд оролцохоор явжээ. Хэргийн захиалагч Багинда өмгөөлөгчөө сольж, шинэ өмгөөлөгч материалтай танилцах хүсэлт тавьснаар шүүх хурлыг хойшлуулахаар болсон бөгөөд хурлын үйл ажиллагаа нэлээд хугацаагаар сунжрах төлөвтэй байгаа аж. Малайз дахь өргөмжит консул маш идэвхтэй ажиллаж байгаад ГХЯ-ныхан талархаж байна.
Зохион байгуулалттай үйлдэгддэг ч илрүүлэхэд хамгийн хүнд хэрэг болох хүний наймааны асуудлаар Монгол Улс олон улсын стандарт хангадаггүй ч хангахыг хичээж байгаа орны тоонд ордог байна. Холбогдох конвенциудад нэгдэж, гадаад улс орон, байгууллагуудтай хамтарч ажиллахыг Г адаад хэргийн яам чухалчилж буй бөгөөд энэ асуудлаар анх удаа БНХАУ, БНСУ-тай хамтарч ажиллах гэрээ байгуулахаар, Макао зэрэг газарт консулын төлөөлөлтэй болохоор ярилцаж буй аж. Хүний наймааны золиос болсон иргэдээ буцааж авах талаар анхаарал тавьдаг болж, Туркээс 7-8, Бээжин, Эрээнээс хэд хэдэн хүнийг буцаж ирүүлээд байгаа аж. Албан бус мэдээгээр Макаод 1000 орчим монгол эмэгтэй байгаа тухай  энэ үеэр нэгэн сэтгүүлч өгүүлжээ.
Гадаадад Монголын 50 гаруй иргэн ял эдэлж байна. БНСУ-д 14, ОХУ-д 23, Хятадад долоон хүн гэх мэт. Тэдний асуудлыг тухайн улсын эрхзүйн зохицуулалтаар зохицуулдаг, Монголын талаас гадаадад хоригдсон иргэдийнхээ ялыг нутагт нь эдлүүлэхээр хөөцөлддөг байна. Хамгийн сүүлд л гэхэд Хятадтай хийсэн консулын зөвлөгөөнөөр энэ тухай хөнджээ. Малайзад дийлэнх нь эмэгтэй 20 гаруй монгол хүн ял эдэлж буй аж.
Гадаадын хэд хэдэн оронд Монголыг төлөөлөн сууж буй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссан ч дараагийн томилгоо сунжирч байгаа талаар Гадаад хэргийн сайд хэлэхдээ, есөн газарт гурваас дээш жил ажилласан хүмүүс байгааг эргүүлж татах, солих талаар ярихаар төлөвлөж байна гэжээ. Элчин сайд нарын талаар тус яамнаас санал гаргаж, Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ-д оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилж явуулдаг. Тодорхой хугацаа заадаггүй тул зарим хүнийг улируулж ажиллуулж болно гэж сайд үзэж байна. Хуульд зааснаар Элчин сайд нь улстөрийн албан тушаал. Төрийн албыг намын харьяаллаас ангид байлгая гэвэл Дипломат албаны хуульд өөрчлөлт оруулах ёстой. Аль болохоор мэргэжлийн хүн явуулах байр суурьтай. Гэхдээ улстөрч бүр муу хүн байдаггүй. Хэл устай, Монголынхоо нэр нэр төрийг хамгаалаад явах хүмүүс байдаг гэж сайд тайлбарлажээ.