Авилгатай тэмцэх газрын даргын анхны ярилцлага (2007.01.10)

A- A A+
Авилгатай тэмцэх газрын даргын анхны ярилцлага (2007.01.10)

Авилгатай тэмцэх газрын даргын анхны ярилцлага (2007.01.10)

Авилгатай тэмцэх газрын даргаар саяхан томилогдсон Б.Дангаасүрэн анхны ярилцлагаа өдөр тутмын “Өдрийн сонин” /¹006/, “Ардын эрх” /¹05/ сонинуудад өгчээ. Тэрбээр ердөө 11 хоногийн өмнө томилогдсон бөгөөд одоогоор тус газар даргаас өөр албан хаагчгүй, Төрийн ордны  110 тоот өрөэнд байрлаж байна. 

Түүний “Өдрийн сонинд” ярьснаас үзвэл Авлигатай тэмцэх газрын бүтэц УИХ-ын Байнгын хороогоор орж, ирэх пүрэв гаригт чуулганаар эцсийн байдлаар батлагдах аж. Дэд даргын хувьд Ерөнхийлөгч өргөн барьж, УИХ-аар батална. Харин бусад ажилтныг Авилгатай газрын дарга томилох бөгөөд одоо хэлэлцэгдэж буй төслөөр бол дээд хязгаар нь 90 албан тушаалтантай байхаар яригдаж байна.  Дөрвөн газартай, газрууд нь албадтай байх аж. Б.Дангаасүрэн Авилгатай тэмцэх газрын гүйцэтгэх ажиллагаа явуулах албаны  хүмүүс тагнуул, цагдаагийнхнаас тусдаа байх нь зүйтэй хэмээн үзэж байна.  Манай хүсэлтээр цагдаа, тагнуулынхан бидний эрх ашгийн үүднээс гүйцэтгэлийг зөв явуулна гэдэгт би итгэхгүй хэмээн тэрбээр ярьжээ.  Одоогийн батлагдах орон тооны гуравны нэгээс доошгүй нь энэ албанд ажиллах ёстой тэр хэлсэн байна.

Ажилтнуудаа хуулиараа Авилгатай тэмцэх газрын дарга томилох ёстой ч УИХ, Ерөнхийлөгчтэй ямар нэг хэмжээгээр зөвшилцөх хэрэг гарахыг Б.Дангаасүрэн  үгүйсгээгүй байна.  Гэхдээ яг энэ хүнийг томил,  аваарай гэж тулгах юм бол би хүлээж авахгүй хэмээн тэрбээр мэдэгджээ. Энэ байгууллага сайн муу ажиллах хариуцлагыг Ерөнхийлөгч ч, УИХ ч хүлээхгүй, би хүлээх учраас энэ сайн ажиллаж чадна гэсэн хүнээ л авна. Хунээ маш сайн судалж авна. Улстөрийн хувьд ч, мэргэшлийн, ёс суртахууны хувьд ч шалгуурыг сайн хангасан хүн байх хэрэгтэй гэж ноён Дангаасүрэн хэлжээ.  Ямар нэгэн зөрчил гаргасан, хэрэгт холбогдож байсан хүмүүсийг ерөөсөө авахгүй. Арга хэмжээ авагдаагүй ч ямар нэг хэрэгт шалгагдаж байсан хүмүүсийг ч энэ албанд авахгүй. Энэ бол хатуу зарчим тэрбээр хэлсэн байна.

Авилгатай тэмцэх газрын  хамгийн түруүнд хийх ажил юу вэ гэсэн асуултад тэрбээр хариулахдаа, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх ёстой хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авах болно. Хуулиараа хоёр жил тутам манайхаас мэдээлэл гаргаж байх ёстой. Гэхдээ бид энэ хугацааг хүлээлгүй ирэх оны эхний улиралд гаргаж өгөхөөр ажиллана гэжээ.  Харин Ирэх сарын 15-наас өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлгээ ил гаргана гэж ноён Дангаасүрэн ярьжээ. Тэрбээр  надад хөрөнгө зоорь гэх юм байхгүй. Гэхдээ би нөлөөнд автах хүн биш гэдгээ л хэлье. Нөлөөнд автахгүй гэдгээ амлаж байна хэмээн “Өдрийн сонин”-д ярьсан байна.
Авилгатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнгийн “Ардын эрх” сонинд ярьснаар бол түүний өрөөнд байгаа ганц утсаар эхнээсээ хүмүүс мэдээлэл өгч эхэлжээ.  Гэхдээ албан ёсоор энэ мэдээллийг авахгүй байгаа. Учир нь энэ мэдээллийг шалгахаас эхлээд ажил ундарна. Гэтэл өнөөдөр манай байгууллагын үйл ажиллагаа эхлээ ч үгүй байна гэж тэрбээр хэлжээ.

2007 оны төсвийг чуулганаар хэлэлцэж байхад Авлигатай тэмцэх газрын төсөв жилд тэрбум орчим төгрөгөөр төсөвлөгдөж байсан ч хууль батлахад 300 гаруй сая төгрөг баталсан. Тэгэхээр Авлигатай тэмцэх газар авлигаас ангид ажиллах боломж бүрдээгүй юм биш үү гэсэн асуултад тэрбээр хариулахдаа, УИХ-аар баталсан 370 сая төгрөг нь ердөө цалингийн мөнгө. Эхний хагас жилд ч хүрэхгүй. Гэтэл манай байгууллага байртай болох хэрэгтэй, засвар хийнэ, тоног төхөөрөмж авна гэх мэт бүх юм тэгээс эхэлж байгаа учир бараг эхний улиралд л дуусах байх. Эрхбиш төр, засаг анхаарч байгаа байлгүй гэжээ.