Өмч хувьчлал дуусах шатандаа орж байна (2007.01.11)

A- A A+
Өмч хувьчлал дуусах шатандаа орж байна (2007.01.11)

Өмч хувьчлал дуусах шатандаа орж байна (2007.01.11)

1990-ээд оноос эхэлсэн төрийн өмчийг хувьд шилжүүлэх ажил одоо бараг дуусах шатандаа орлоо хэмээн Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгджээ. Тэрбээр энэ албанд томилогдоод 10 сар болж байгаа аж.

Түүний ярьснаас үзвэл Төрийн өмчийн хороо 2006 онд “Говь” үйлдвэр, Хадгаламжийн банк зэрэг төрийн мэдэлд байсан томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, Улсын циркийг менежментийн гэрээгээр хувьчлах тендерийг оны өмнө зарлаж, оролцогчдын материалыг үнэлсэн ч ялагч нь хэдхэн хоногийн өмнө буюу 2007 онд тодорсон байна.  2006 онд 32,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Өнгөрсөн онд хувьчилсан 10 гаруй томоохон аж ахуйн нэгжээс нэгийг л гаднынхан /”Говь”/ авсан байна.

2006 онд 20 гаруй аж ахуйн нэгжийг хувьчилсан ч “Говь” ХК, Улсын циркийн хувьчлалын талаар маргаан үүсч  шүүхээр шийдвэрлүүлэх болж байгаа юм. “Говь” компанийн хувьчлалын талаар тэрбээр ярихдаа, Тендерийн материалыг хүлээн авах хугацааг тухайн өдрийн 18 цагаар тасалбар болгоход тендерт оролцсон гурван багийн хоёр нь материалаа ирүүлсэн. Материалаа өгсөн хоёр баг 18 цаг өнгөрснийг сануулаад үлдсэн багийн материалыг авбал шүүхэд хандана гэсэн. Ингээд хаалгаа барьж байтал гуравдахь баг орж ирсэн. Хоцорч ирсэн багийн материалыг авсан бол хувьчлал буцах байсан. ТӨХ шүүх дээр үүнийг баримтаар нотолно  гэжээ.

Харин  Улсын циркийг цирк хэвээр нь байлгах, барилгыг засч сайжруулахад тодорхой хөрөнгө оруулалт хийх, улсын төсвөөс жил бүр авдаг 200 орчим сая төгрөгийн санхүүжилтийг чөлөөлөх гэсэн гурван болзолтойгоор тендер зарласан байна. Тендерийн ялагчийг шалгаруулах шинжээчдийн багийг ТӨХ бусад яамтай хамтран байгуулжээ. Тендерт гурван баг оролцсон бөгөөд циркийн үйл ажиллагааг өөрчлөхгүй гэдгээ бүгд хүлээн зөвшөөрч, “Их цирк” баг 770 сая, “Монгол цирк” тэрбум, “АСА” баг 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна гэж амалж, “АСА” баг хамгийн өндөр оноо авсан.  Харин  “Их цирк” баг 2007 онд 200 сая, “Монгол цирк” баг энэ онд 100 сая, дараа жил 20 сая төгрөг улсын төсвөөс авах саналаа материалдаа дурджээ. Харин “АСА” баг циркийг хөгжүүлэхэд төсвөөс нэг ч төгрөг авахгүй гэдгээ мэдэгдсэн аж. Ингээд эцсийн дүн гарахад “АСА” баг ялагч болсон гэжээ. Гэхдээ ТӨХ-ны дарга Д.Сугар тендерийн материалыг үнэлэх шинжээчдийн баг ашиг сонирхлын зөрчилтэй байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр хэрэв үүнд хариуцлага тооцохоор бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин сайд бид хоёрт хүлээх байх. Яагаад гэвэл бид хоёр тушаал гаргаж шинжээчдийн багийг томилсон хэмээн хэлсэн гэж “Зууны мэдээ” /¹7/ сонинд бичжээ.